Улсын сайн малчны зээ улсын аварга малчин болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-24 12:30:33

Өмнөговь /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Өмнөговь аймгаас улсын дөрвөн аварга малчин тодроод байгаа билээ. Тэдний нэг тус аймгийн Ноён сумын Ч.Түвшинбат удам дамжсан улсын аварга малчин болжээ.

Ч.Түвшинбат, н.Түвшинжаргал нарт аварга малчны шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо. Энэ үеэр Зам тээврийн яамны сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарын албаны хүмүүс зочилж улсын аварга малчны улаан халзтай гэрийг гардуулан өгсөн юм.

Улсын аварга малчны шагналаа дөнгөж гардсан Ч.Түвшинбат нь улсын сайн малчин М.Жидын зээ хүү гэнэ. Тэрээр зургаан настайгаасаа эмээгийндээ ирж мал хариулж эхэлсэн хүү ийнхүү 2009 онд эмээгийнхээ хүртсэн улсын аварга малчны шагналыг энэ жил хүртэж удам дамжсан малч удмын хүн гэдгээ харууллаа. "Миний эмээ маш хөдөлмөрч хүн. Түүнийхээ энэ сайхан чанарыг өвлөж гаргасан амжилтыг нь давтаж байгаадаа баяртай байна" гэж малчин Ч.Түвшинбат хэлсэн юм.

10 гаруй жил мянга давсан мал тоолуулж байгаа тэрээр дунд сургуулиа дүүргээд малчин болсон. Малынхаа үүлдэр угсааг сайжруулахаас гадна 10 орчим малчныг малжуулсан аж. Ноён сумынхан түүхэндээ гурав дахь улсын аварга малчнаа угтан авч байна гэж тус сумын засаг дарга Б.Батболд онцолсон.

Д.Мишигсүрэн

 

Related news