Хэнтий аймгийн Шүүх иргэддээ нээлттэй ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 10:51:12

Хэнтий аймгийн Шүүхийн тамгын газраас санаачлан аймгийн хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд болох “Хэнтийн мэдээ” сонин, “Хэнтий” радио, телевиз, “Өндөрхаан” телевизийн төлөөллүүдтэй чөлөөт уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Тус уулзалтад Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Балжмаа, Шүүхийн тамгын хэлтсийн дарга Б.Баярсайхан,Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд, Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Оюун-Эрдэнэ нар болон “Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч Д.Одонтунгалаг, “Өндөрхаан” телевизийн захирал Ө.Одмаа, “Хэнтий” радио, телевизийн найруулагч Ц.Эрдэнэболд нар оролцлоо.

“Шүүх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт уулзалтад оролцогчид Шүүхийн шинэчлэл, нээлттэй ил тод байдлын талаар ард иргэдэд ямар өнцгөөс хэрхэн мэдээлэл хүргэх талаар тус тусын санал бодлоо чөлөөтэй ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар үр дүнтэй саналууд солилцов.

"Хаана мэдээлэл байна, тэнд шударга ёс цэцэглэдэг" гэдэгчлэн шүүхийн шинэтгэлийн олон талт үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдал ардчиллын үнэт зүйл болсон хэвлэл мэдээлэл дээр суурилж ард олонд хүрэх нь зүйн хэрэг юм. Тиймээс Шүүхийн ил тод байдалд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг чухал гэдгийг оролцогчид онцлон Шүүхээс мэдээллээ иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэхэд хоёр талаас анхаарч ажиллахаар боллоо.

О.Буянхишиг

 

Related news