Д.Галсандондог:Ховд аймаг баруун бүсдээ эрчим хүчний чиглэлээр тэргүүлэгч болох боломж бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-15 11:40:26

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондогтой уулзаж, мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон бүтээн байгуулалт  хэдийнээс  хэрэгжиж, дэд бүтцийн салбарт ямар өөрчлөлтүүд хийгдэх гэж байгаа болон газар,тариалан, мал ахуйн хөгжлийн талаар тодруулж ярилцлаа.

-Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүс нутгийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалт хийхээр тусгагдсан байгаа. Эдгээрийн  хэрэгжилт хэр эрчтэй явж байна вэ?

-Засаг даргын мөрийн хөтөлбөрт бүтээн байгуулалтыг түлхүү тусгах нь аймаг  орон нутгийн хөгжилд,  нийгэм, эдийн засгийн салбарт  ахиц дэвшлийг  бий болгодог.  Тиймээс  Ховд аймаг баруун бүсийн тулгуур  төв гэдгээ баталгаажуулах үүднээс  бүс  нутгийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалт  хийхээр төлөвлөсөн.  Тухайлбал, Эрдэнэбүрэн суманд  64 мегаваттын хүчин чадалтай  Усан цахилгаан станц барина. Ингэснээр  баруун 3 аймгийн ОХУ-аас авдаг эрчим хүчийг  дотоодын  эх  үүсвэрээр  хангах боломж  нээгдэх юм.

Үүний зэрэгцээ манай аймагт Цементний үйлдвэр барих зайлшгүй хэрэгцээ байна. Одоогоор хоёр  төсөл бий. Энэ хоёр төслийн аль оновчтойг  нь сонгон шалгаруулаад  цементний  үйлдвэр барих ажлыг  эхлүүлнэ. Эрдэнэбүрэн сумын  усан цахилгаан станц, цементний үйлдвэрийг   ойролцоо барьсанаар цементний үйлдвэрийг эрчим хүчээр хангах өртөгийг  хэмнэх  боломжтой гэж бодож  байна. Цаашлаад  баруун бүс нутагтаа цемент нийлүүлэх, борлуулах томоохон дэвшилттэй ирээдүй харагдаж байгаа юм.

-Зам харилцаа дэд бүтцийн хувьд шинээр хаана аль сумдад зам харилцааг  өргөжүүлэн хөгжүүлэх бодлоготой байгаа вэ?

-Авто замын хувьд Булган сумын Байтагийн боомтын үйл ажиллагааг  байнгын болгосноор  БНХАУ-ын Цонж аймгийн хөрөнгө оруулалтаар 120 км зам тавихаар болсон. Азийн хөгжлийн банкны босоо тэнхлэгийн зам тавигдаад дуусч байна. Энэ хүрээнд Мөст суманд 20 км, Эрдэнэбүрэн суманд  20.3 км, аймгийн төвд 10 км зам тавих гээд нийтдээ 50 км замын ажил шийдэгдэж байна.

Мөн Цэцэг суманд  4 орчим км зам, Мянгад суманд  2 км зам, Чандмань суманд 60 гаруй км зам холбогдоогүй байна. Үүнийг Мон Эн Ко компанитай хамтарч шийдвэрлэхээр ярилцаж байгаа.  Увс аймгийн Наранбулаг сумаас  төмрийн  хүдэр  тээвэрлэж байгаа компанид  90 гаруй км замыг тавьж өгөх гэсэн хүсэлт тавьсан. Ийм маягаар авто замын хувьд олон бүтээн байгуулалт  хийгдэнэ.

-Аймгийн даргын мөрийн хөтөлбөрт шинээр Ховд хотын төвд олон бүтээн байгуулалтууд эхлүүлэхээр тусгагдсан хэрийнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Мөн шинэ төсөл гэвэл аймгийн төв дээр ардын соёл урлагийн “Ихэл цогцолбор” 800 хүний суудалтай соёлын ордон барих гэж байна. Энэ нь дотроо кинотеатр, ресторан, зочид буудалтай томоохон объектыг Ард Аюушийн талбай дээр бүтээн байгуулах юм. Одоогоор  зураг  төслөө гаргаад  дуусч байгаа.

Хүүхэд  Залуучуудын спорт, соёлын арга хэмжээнд  зориулж  олон улсын зэрэглэл бүхий  7000  хүний суудалтай “Титэм” Хөлбөмбөгийн битүү  цэнгэлдэх хүрээлэн барих зорилт дэвшүүлсэн. Бүтээн байгуулах газар нь товлогдсон. Зураг  төсөл нь бас хийгдээд  дуусч байна. 

Амарсанаагийн цэцэрлэгт  хүрээлэнг  “Маанус”  гэдэг нэртэй цэцэрлэгт хүрээлэн болгон  шинээр  тохижуулахаар  төлөвлөсөн байгаа. 

-Сүүлийн өдрүүдэд эрчим хүчний салбарт шинээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хөрш орнуудын төдөөдөгчид манай аймагт ажиллаад буцсан. Эрчим хүчний салбарт ямар шинэчлэл хийгдэх гэж байгаа вэ?

-Аймгийн эрчим хүчний салбарт Дэлхийн банкны шугамаар Мянгад  сумын Зангилаа станц дээр 10 мегаваттын нарны зайн станц барих ёстой. Мөн Хувийн хэвшллийн байгууллага 10 мегаваттын станц барих гэж байгаа.

Бид баруун  гурван  сумын эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр БНХАУ-ын Шанхай Электрип груптай хамтран сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 25 мегаваттаас дээш хүчин чадалтай станц барихаар болсон. Энэ бүхэн баригдаж  өндөр хүчдэлийн шугамыг бүх сумуудтай  холбож  чадвал Ховд аймаг баруун бүсдээ эрчим хүчний чиглэлээр тэргүүлэгч аймаг болох боломжтой. Цаашид эрчим хүчээ зэргэлдээ аймаг руугаа түгээх, нийлүүлэх мөн Шинжаан Уйгар, БНХАУ-руу экспортлох боломжтой.

Нисэх онгоцны буудлын талаар томоох зорилт бий. Ховд аймаг бол агаарын тээврээр баруун бүсдээ голлох байр суурь эзэлж байна. Өдөрт 10 гаруй онгоц нислэг  хийж байна. Эдгээр онгоцны хүчин чадлыг нэмэгдүүлэх, C4 ангилалын нисэх буудалтай  болох зорилт тавьж  Засгийн газрын хөтөлбөрт оруулсан учраас хэрэгжих  байх. Ер нь Нислэгийн зурвасыг  өргөтгөнө.  Нисэх онгоцны буудлын дэргэд  Зочид буудал барих,  хил гаалийн бүсийг байгуулж  дотоод, гадаадад нислэг  хийх боломжийг  бүрдүүлэхээр  төлөвлөж байна.  Ховд Казахстан улсын чиглэлд нислэг  хийх  боломжтой гэж бодож байна.

-Уул уурхайн чиглэлээр аймаг ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Уул уурхайн чиглэлээр гэхэд Мон эн ко компани үйл ажиллагаагаа явуулж байна. Манай аймагтай байгуулсан гэрээнийхээ дагуу амласан мөнгө санхүүгээ бүрэн өгөхгүй байгаа. Цаашид энэ асуудал шийдэгдэж  мөнгө санхүүжилтээ өгөх байх гэж найдаж байна. Энэ тал дээр ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн жилийн 400 гаруй сая төгрөгний мөнгө санхүүгийн асуудлаа шийдвэрлэж  гэрээгээ дахин шинэчлэх асуудал яригдаж байгаа.

Мон Эн Ко компани энэ өвлийг өнөтэй давахад дэмжлэг үзүүлж  2000 гаруй тонн нүүрс үнэгүй олгосон. Үүнийг маш талархалтайгаар хүлээн авсан. Гэхдээ Мон эн ко компаний ахуйн болон үйлдвэрийн чиглэлээр өгч байгаа нүүрс  нь бүс нутгийн хэмжээнд  үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудаас  үнэтэй байгаа.  Нүүрсний үнийг  хямдруулах талаар ярилцаж байгаа.

Мөн аймагт  вольфром, алтны чиглэлийн жижиг  уурхайнууд байдаг.  Засгийн газрын  “Алт-2 “ хөтөлбөрийн хүрээнд  уул уурхайг  хариуцлагатайгаар хөгжүүлэх  чиглэлээр олон ажил хийнэ гэсэн саналаа дээш уламжлаад байгаа.

-Уламжлалт газар тариалан, мал аж ахуйгаа хөгжүүлэх чиглэлээр ямар шинэлэг зорилттоой ажиллаж байна вэ?

-Уламжлалт төмс хүнсний ногоогоо тариалах ажил үргэлжилнэ. Хүнсний ногоог хадгалах томоохон зоорь барих, Шинэ сортын хүлэмжийн аж ахуй байгуулах, төмс хүнсний ногоо  худалдаалах,  хөрш улс руу  экспортлох  чиглэлийн ажил хийхээр төлөвлөсөн байна. Эдгээр нь уламжлал, хөтөлбөрийн дагуух цаг хугацаандаа хийгдэнэ. Шинэ ажлын байрыг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллана.

Мал аж ахуйн хувьд Залуу малчин хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Аймгийн төв дээр нүүдэлчин малчдад зориулсан хотхон, түүхий эд, сүү цагаан идээ бүтээгдэхүүнээ борлуулдаг төвийг байгуулж бүх төрлийн үйлчилгээг  малчдад  хүргэдэг  болгох зорилт  тавьсан. Үүнд 7000 малчин өрх дэмжин 50 хувийн санхүүжилтийг гаргах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр Төр,  Хувийн хэвшлийн хамтарсан малчдад зориулсан төв баригдана. Энэ нь Монголд анхдагч болсон шинэлэг  ажил болно.  

Залуу малчин хөтөлбөрийн хүрээнд залуу малчдыг өвөлжөө, хаваржаандаа тогтвортой байртай болгох, сургалтанд хамруулах, баг, сум, орон нутгийнхаа хэмжээнд  хөгжих, нийгмийн ажилд идэвхитэй оролцох боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх болно.

Мах боловсруулах чиглэлээр Манхан суманд нэг томоохон үйлдвэр байгуулах, Ховд аймаг төдийгүй баруун бүсийн малыг эрүүлжүүлэх ажлыг хөрш аймгуудтайгаа хамтран ажиллана.  БНХАУ, ОХУ, Монгол Улсынхаа мал эмнэлгийн мэргэжилтэнгүүдтэй хамтран малын халдварт өвчнийг  таслан зогсоох, эрүүлжүүлэх ажлыг шат дараалалтайгаар хийж гүйцэтгэнэ.

Зөв менежмент гаргаж түншийн холбоог өргөтгөж бэхжүүлсэнээр эдгээр томоохон зорилтууд бодит ажил болох боломжтой.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг  татах чиглэлээр  шинээр ямар хөтөлбөрүүд хэрэгжих бол ?

-Улс орны эдийн засаг хүндэрсэн учраас Монгол Улсын Засгийн газраас гадаад орноос урт хугацааны зээл, буцалтггүй тусламжаар хөрөнгө санхүүжилт олж авахыг зөвшөөрч байгаа. Тиймээс  махны үйлдвэр барих, зам харгуй тавих, томоохон бүтээн байгуулалтуудаа  хийхэд  БНХАУ, Солонгос улсаас мөнгө санхүүжилт авахаар ярилцаж тохиролцож байна. Харин санхүүжилтийг өр үүсгэхгүйгээр яаж авах вэ?, авсан санхүүжилтээ хэрхэн үр дүнтэй, зөв зарцуулах вэ?  гэдэг дээр анхаарах болно.

-Манай аймаг Ногоон хөгжлийн загвар аймаг болох хөтөлбөрөө баталчихсан. Хөтөлбөрийн хүрээнд энэ хавар  ямар ажлууд хийгдэх вэ?

-Ногоон хөгжлийн хөтөлбөр баталсан хоёр дахь аймаг бол Ховд аймаг. Үүнд маш олон зүйл багтсан. Бидний мөрийн хөтөлбөрийн гол үндэс бол аймаг орон нутгийн экологийн тэнцвэртэй байдлыг тооцсоны үндсэн дээр үүнийг баталсан.  Эхлээд  ногоон хөтөлбөр буюу Ховд аймгийн экологийн тэнцвэртэй байдал, хүн ардад ээлтэй хөтөлбөр дээр үндэслэсэн учир бидний хийж буй ажил, хэрэгжүүлж буй зүйл заалтууд байгаль орчноо нөхөн сэргэх ажил, бидний барьж буй үйлдвэр аж ахуйн газрууд, нөхөн сэргээгдэх эрчим хүчний асуудал, авто зам барих энэ бүхэн эргээд Ногоон хөгжлийн хөтөлбөрт туссан стандарт шаардлагыг хангасан бүтээн байгуулалтууд  болох юм.

Яг тухайлсан ийм зүйлээс ногоон хөтөлбөр эхлэх болно гэдэг нь гол биш. Харин мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл явц  бол  энэ хөтөлбөрийн биелэлтийг хангасан  үйл ажиллагаа юм.

-Хэдэн үе дамжин яригддаг  ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар   юу хийх вэ?

-Ажилгүйдэл бол аймгийн хэмжээнд тулгамдсан тулгамдсан асуудал болсон байна. Одоо 500 гаруй иргэдээс ирсэн өргөдөлд ажилд оруулж өгөөч гэсэн хүсэлт байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийг ажлын байраар хангахад миний дээр дурьдсан үйлдвэр, аж ахуйн газруудыг барьж байгуулах хэрэгцээ гарч ирж байгаа юм. Барьчихвал ажилгүй иргэд ажлын байртай болох боломж нээгдэнэ. Мөн иргэд өөрсдөө хөдөлмөр эрхлэх, үйлдвэр, аж ахуй нэгж байгуулах боломжийг нээж буцалтгүй тусламж, мөнгөн тэтгэлэг, зээл олгох чиглэлээр анхаарч Хөдөлмөр эрхлэлтийн сангаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын бидэнтэй хамтран байгуулсан гэрээний дагуу 1 тэрбум 700 сая төгрөгийн санхүүжилтийг иргэдийн амьжиргааны  түвшинг дээшлүүлэх, ажлын байрыг бий болгоход  зарцуулахаар гэрээ хийгдсэн. Удахгүй тэр санхүүжилт орж ирэх юм. Энэ хүрээнд аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Одоо ажилдаа орж байна.

Нөгөө талаасаа Хөдөө Аж Ахуй, Мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр  ХХААХҮЯ-н сайд П.Сэргэлэнтэй байгуулсан гэрээний дагуу 1 тэрбум төгрөгний санхүүжилт орж ирнэ.  Эдгээр мөнгө санхүүжилтийн хүрээнд ажлын байрыг бий болгох, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд  дэмжлэг  үзүүлнэ.

Аймаг, сумыг хөгжүүлэх сангаас олгогдсон зээл их байдаг юм байна. Зарим сангийн мөнгө нь байгаа ч санхүүжилт нь зогссон байна. Яагаад гэвэл өмнө нь санхүүжилт авсан хүмүүс эргэн төлөлт хийгдэггүй. Үүнээс болоод дараагийн хүнд санхүүжилт олгоход гацдаг асуудал элбэг байна.  Одоо бидний хэрэгжүүлэх хоёр  том төслийн мөнгө бас ингээд гацчихвал үйл ажиллагаа явуулахад хэцүү. Тиймээс энэ бүгдээс харгалзан иргэдийг сургах, дадлагажуулах, мэдлэг боловсрол олгоход ихээхэн анхаарах шаардлага байгаа нь харагдаж байгаа юм.

А.Бямбасүрэн

 

 

Related news