Долоон настай хүүг хөнөөсөн этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-15 16:24:34

Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 9-р сарын 6-7-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат 7 настай Т гэх хүүг хөнөөсөн этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдсэн гэж Сум дундын шүүхээс мэдээллээ.

Хэргийг дахин сөхвөл, талийгаач хүүгийн эцэг Ц өөрөөсөө үе мултарсан С гэх бүсгүйтэй гэр бүлээсээ гадуур харилцаатай байсан, улмаар С нь түүнийг салгаж суухын тулд төрөл садангийнхаа Б-д мөнгө амлаж хүүгийнх нь амийг хөнөөлгөсөн байдаг. Хүүгийн амь насыг захиалгаар хөнөөсөн Б нь 18 настай, дунд сургуулиа төгсөөд тодорхой эрхэлсэн ажилгүй байх үедээ хоёр удаагийн хулгайн хэргээр хорих ял шийтгүүлж, тэнсэн харгалзах ялтай байсан юм.

Захиалгаар хүний амь хөнөөсөн гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоож, хүүг хөнөөлгөсөн С-д Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Б-д Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна.

Одоогоор шүүх хурлын тов хараахан зарлагдаагүй байгаа юм.

Б.Туяа

Related news