Германы банк олон тэрбум долларыг андууран шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-28 15:27:04

ЛОНДОН./BBC/. Германы Хөгжлийн банк болох “KfW” санамсаргүй алдаа гаргаж, мөнгө хүлээн авах ёсгүй дөрвөн банкинд хэдэн тэрбум долларыг шилжүүлжээ. 

Германы хэвлэлүүдэд мэдээлснээр, тус банк нийтдээ 5-6 тэрбум доллароо золтой л алдчихаагүй байна. Алдаатай шилжүүлэг хийсэн нь техникийн сааталтай холбоотой аж.

Үүссэн доголдлоос болж зарим нэг төлбөрүүд хэд хэдэн удаа давтагдан хийгдсэн байна. Программд доголдол гарсныг илрүүлсний дараа алдаатай хийгдсэн бүх төлбөрийг цуцалж, уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн тухай тус банк мэдэгджээ.

KfW банк ийм байдалд анх удаагаа орж байгаа нь энэ биш юм. 2008 онд тус банк 300 сая долларыг дампуурлаа зарлачихаад байсан Америкийн “Lehman Brothers” банкинд андууран шилжүүлсэн нь Германд томоохон дуулиан тарьж байв.

"KfW" бол Германы төрийн мэдлийн хамгийн том банк бөгөөд актив хөрөнгийнхээ хэмжээгээр Deutsche Bank, Commerzbank-ны дараа гуравдугаарт ордог байна. Тус банкны ТУЗ-ийг тус Сангийн сайд Вольфганг Шойбле тэргүүлдэг ажээ.

О.Барс

 

 

Related news