Умард Солонгос улс 1000 орчим нисгэгчгүй онгоцтой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос улс ойролцоогоор нэг мянга орчим нисгэгчгүй онгоцтой байгаа бөгөөд тэдгээрийг агаараас үйлдэх террорист ажиллагаанд ашиглаж болзошгүй гэдэг нь сэтгэл түгшээж байна гэж Өмнөд Солонгосын Үндэсний шинжилгээний төв мэдэгджээ.
Умард Солонгос улс тагнуулын ажиллагаагаа сайжруулах, тус улсын агаарын цэргийн хүчний сул талыг нөхөх зорилгоор нисгэгчгүй аппаратыг хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж байна гэж Улс үндэстнээ нэгтгэх Солонгосын хүрээлэнгийн судалгааны багийн ажилтан Чунг Кү-ёон тайландаа дурджээ. Уг тайланд "Умард Солонгосын агаарын цэргийн хүчин нь Өмнөд Солонгосынхтой харьцуулахад хүч сул дорой, цэргийн зориулалттай хиймэл дагуул байхгүй учир өмнөд хөршөө тандах нь Пхеньянд хүндрэлтэй байгаа" гэжээ.
Умард Солонгос улс нисдэг төхөөрөмжүүдээ террорист үйл ажиллагаа болон өдөөн хатгалгад ашиглаж болзошгүй хэмээн сэтгэл зовниж байгаагаа Чунг онцлон тэмдэглэсэн байна. Тайланд дурдсанаар, Умард Солонгос улс алсын зайд цохилт өгөхийн тулд нисдэг төхөөрөмжүүдээ ашиглан хими болон биологийн зэвсэг тээвэрлэх магадлалтай аж.
2016 оны Солонгосын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тайланд, Умард Солонгос улс сарин, VX гэх мэт зургаан төрлийн мэдрэл хордуулагч 25 төрлийн химийн зэвсэгтэй гэж үзсэн байна. Тус улс Химийн зэвсгийг хориглох тухай Конвенцид нэгдээгүй юм. Харин 1987 онд Биологийн зэвсгийг хориглох тухай Конвенцид нэгдэн оржээ.
1990 оноос хойш умард солонгосчууд “Бангхюн” гэдэг нисдэг төхөөрөмжийн олон хувилбарыг зохион бүтээж байна. Тайланд дурдсанаар, Умард Солонгосын нисдэг төхөөрөмжүүд нь 162 км/цаг-ийн дээд хурдтай, 20-25 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж.
Умард Солонгос улс саяхан “Бангхюн 5” гэдэг радарт баригддаггүй, тэсрэх бодис болон цацраг идэвхт бодис тээвэрлэж чадах хамгийн том нисдэг төхөөрөмжийг зохион бүтээсэн байна.
Х.Сарнай