28 орны удирдагчид Бээжинд болох "Нэг бүс, Нэг зам" чуулга уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-04-18 15:19:58

БЭЭЖИН. /TASS/. Азийн улс орнуудын харилцаа, бүс нутгийн интеграцийн асуудлаар зохион байгуулах “Нэг бүс, Нэг зам” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад 28 орны дээд удирдлагын төлөөлөгчид оролцоно гэж БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И мэдэгдлээ.

Чуулга уулзалт Бээжин хотод 5 дугаар сарын 14-15-нд болох юм. 

“5 дугаар сард Бээжинд чуулга уулзалт болно, энэ үйл явдал хамтын ажиллагааны чухал суурь дэвсгэр болох юм” гэж сайд тодорхойлжээ. Чуулга уулзалтын үеэр явагдах хэлэлцүүлгийн үндсэн сэдэв нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүх нийтийн хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, нэг бүс, нэг замыг хамтран байгуулах асуудал байх юм. Чуулга уулзалтын түлхүүр үг нь хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх явдал болно” гэж Ван И онцлон дурдлаа.

Тус чуулга уулзалтын үйл ажиллагаанд БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохоор төлөвлөж байгаа аж.

“Владимир Путин оролцох гэж байгаа нь хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсний нотолгоо юм. Бид түүнийг халуун дотноор хүлээн авах болно” гэж сайд нэмж хэлжээ.
О.Барс  

 


Related news