Японы якүза нарын дунд дайн дэгдэж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-02 09:53:06
ТОКИО. /Reuters/. Японы хамгийн том гэмт хэргийн бүлэглэлүүдийн /якүза/ нэг болох “Кобэ Ямагүчи-гүми” хоёр фракц болж хуваагдаж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Үүний улмаас якүза нарын дунд дайн дэгдэж болзошгүй гэсэн айдас япончуудын дунд тархаад байна.

“Кобэ Ямагүчи-гүми” бүлэглэлийн гол гишүүдийн зарим нь Хиого мужид тусдаа бүлэглэл байгуулахаар явжээ.

Тус бүлэглэлийн нэгэн гишүүний ярьснаар, бүлэглэлийн толгойлогч мөнгө цуглуулж байгаад гишүүд дургүйцэн тусдаа фракц байгуулахаар шийдсэн бололтой.

Фракцуудын хооронд хэзээ ч мөргөлдөөн гарч болзошгүй учир Японы цагдаа нар сонор сэрэмжээ дээшлүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.


“Ямагүчи-гүми” бол Японы якүзагийн хамгийн том бүлэглэл юм. Тус бүлэглэл 23 мянга орчим гишүүнтэй гэж цагдаа нар мэдэгдлээ.

Якүзагийн бүлэглэлүүд нь Японы нийгмийн нэг хэсэг болоод удаж байгаа юм. Тус улсад 60 мянган хүн ийм бүлэглэлүүдэд элссэн гэх мэдээлэл байна.

Ийм бүлэглэл байгуулах нь хууль бус биш хэдий ч гишүүд нь мөрийтэй тоглох, биеэ үнэлэх, мансууруулах бодис наймаалах зэрэг хууль бус аргаар мөнгө олох нь нэмэгдсээр байна. Сүүлийн үед якүза нар кибер халдлага үйлдэх нь ч олширчээ.

“Ямагүчи-гүми” толгой бүлэглэлээс салан тусгаарласан гишүүд “Кобэ Ямагүчи-гүми” бүлэглэлийг хоёр жилийн өмнө байгуулсан байна.

Г.Доржханд
 

Related news