Венесуэлийн хямрал гүнзгийрсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-03 11:06:13
КАРАКАС./ВВС/. Венесуэлийн улс төр болон эдийн засгийн хямрал улам гүнзгийрсээр байна.   Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэгчид өчигдөр зам хааж, жагсаал хийжээ.

28 хүний аминд хүрээд байгаа үймээн самууныг зогсоохын тулд шинэ Үндсэн хууль батлахыг Ерөнхийлөгч Н.Мадуро уриалсныг венесуэлчүүд эсэргүүцэж байна.

Гадаад орны нөлөө орсон төрийн эсрэг хуйвалдааныг таслан зогсоохын тулд Үндсэн хуулиа шинэчлэх хэрэгтэй байна гэж Н.Мадуро мэдэгджээ.

Харин Н.Мадурогийн энэ саналыг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж,  түүнийг огцруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байна. Венесуэл хүнсний хомсдолд орж, эмх замбараагүй байдал үүссэнд Н.Мадуро буруутай гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм.

Үндсэн хуулийг дахин боловсруулахын тулд 500 хүний бүрэлдэхүүнтэй ассамблей байгуулах тухай зарлигийг Н.Мадуро саяхан гаргажээ.

Сонгуулиас зайлсхийхийн тулд Н.Мадуро ийм зарлиг гаргалаа гэж тус улсын 22 настай иргэн  Рауль Эрнандес ярив. Мягмар гарагт нийслэл Каракас хотын гол замыг 100 гаруй хүн хааж зогсчээ.
Аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчид руу нулимс асгаруулагч хий цацаж, усан буугаар шүршсэн байна.


Өнөөдөр мөн  олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал хийхийг тус улсын сөрөг хүчнийхэн ард иргэддээ хандан уриаллаа.

Нийгмийн халамжийн олон хөтөлбөр хэрэгжүүлж байсан Ерөнхийлөгч Уго Чавес 2013 онд таалал төгссөнөөр Н.Мадуро тус улсын төрийн тэргүүн болсон юм.

Үүний дараа дэлхийн зах зээлд нефтийн үнэ унасны улмаас Венесуэлийн засгийн газрын нефть экспортоос олох орлого эрс буурч, улмаар тус улс хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн сүү, эм тариа болон бусад өргөн хэрэглээний барааны хомсдолд орсон билээ.

 
Олон улсын валютын сангийн таамаглаж байгаагаар, Венесуэлд инфляцийн түвшин энэ онд 700 хувиас давах төлөвтэй байна.

Тус улсын ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны эцсээр болох юм.
 
Г.Доржханд


 
Related news