Мексикийн нэрт сэтгүүлчийг мафийнхан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-16 14:05:07
МЕХИКО. /ВВС/. Мексикийн нэрт сэтгүүлч Хавьер Валдез тус улсын баруун хойд нутгийн Синалоа мужид өчигдөр амиа алджээ. Тус мужийн Калиакан хотод ажил үүргээ гүйцэтгэж явахад нь үл таних этгээдүүд түүний машин руу гал нээн, амийг нь хөнөөсөн байна.

Мансууруулах бодис хууль бусаар хил давуулан наймаалагчдын тухай нийтлэл бичсэн 50 настай Х.Вальдез 2011 онд Америкийн “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” гэдэг байгууллагаас олгодог “Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний шагнал”-ыг хүртэж байжээ.

2017 он гарснаас хойш Мексикт таван сэтгүүлч амь үрэгдсэн байна.

Х.Вальдез өнгөрсөн онд “Сэтгүүлч болно гэдэг нь хар дансанд  орно гэсэн үг” гэдэг номынхоо нээлтийн үеэр “та сум нэвтэрдэггүй хантаазтай, бие хамгаалагчидтай байсан ч гэсэн гэмт бүлэглэлийнхэн нэгэнт шийдсэн л бол таныг яаж ийж байгаад хөнөөнө” гэж ярьж байв.

Тэрбээр бараг 30 жилийн турш сэтгүүлчээр ажиллах хугацаандаа мансууруулах бодис хууль бусаар наймаалагчид болон Мексикийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд, тэдгээрийн дотор “Sinaloa” гэдэг мансууруулах бодис наймаалагчдын бүлэглэлийн талаар олон нийтлэл бичиж байжээ.

Мексикээр дамжуулан АНУ руу нэвтрүүлж буй мансууруулах бодисын 25 хувийг нь “Sinaloa” бүлэглэлийнхэн нийлүүлдэг байна.

Энэ оны гуравдугаар сард тус улсад Мирослава Брич гэдэг сэтгүүлчийг гэмт этгээдүүдэд буудан хөнөөжээ.

Тухайн үед “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” мэдэгдэхдээ “1992 оноос хойш Мексикт 38 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдлаа” гэж байсан юм.

Г.Доржханд
 


Related news