“Хүний эрх-Сэлэнгэ аймагт” баримт бичиг боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 11:35:29

Сэлэнгэ аймагт өрнөж буй авлигын эсрэг хууль болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хүний эрхийн төлөв байдалд судалгаа явуулах, “Хүний эрх-Сэлэнгэ аймагт” баримт бичиг боловсруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний зорилго нь “Иргэн таны төлөө” аймгийн 2015 оны бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд, аймгийн иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний үндсэн эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг судлан “Хүний эрх-Сэлэнгэ аймагт” баримт бичиг боловсруулан гаргаж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах, төр, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагуудын цаашдын бодлого, шийдвэр, үйл ажиллагааны төлөвлөлтөнд дэмжлэг үзүүлэхэд орших ажээ. Тус нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд 2015 оны 10-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 25-ны хугацаанд иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах юм. Энэ ажлын хүрээнд хүний эрхийн хэрэгжилт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтийг хамарсан санал асуулга, судалгаа явуулах бөгөөөд хэлэлцүүлэг, санал асуулгаар цугларсан мэдээллийг нэгтгэн баримт бичиг боловсруулах гэнэ.

Хэлэлцүүлгийг “Үндсэн хуулиар олгосон хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр багийн иргэдийн Нийтийн хурлуудаар зохион байгуулах юм. Харин судалгааг сумдын иргэдийн дунд сум бүрийн хөгжил, амьдрал ахуйн хэв шинж, онцлогтой уялдсан хүний эрхийн хэрэгжилтийн асуудлыг тусгасан санал асуулгаар явуулах аж. Энэхүү хэлэлцүүлэг, санал асуулга, судалгаа, мэдээллийн нэгтгэлд тулгуурлан боловсруулах “Хүний эрх-Сэлэнгэ аймагт” баримт бичгийн эх загвар, төлөвлөгөөг 12-р сарын 25–ны дотор боловсруулж, шийдвэрлэх бөгөөд загвар төлөвлөгөөний дагуу “Хүний эрх”Сэлэнгэ аймагт” баримт бичгийг 2016 оны 01-р сард багтаан боловсруулж гаргах юм.

Нэгдсэн арга хэмжээний үр дүнд аймгийн иргэдийн, Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчилсан иргэний үндсэн эрхийн хэрэгжилтийн нэгэн үеийн төлөв байдлыг тодорхойлсон баримт бичиг бий болж, иргэд олон нийт, бүх түвшний байгууллага мэдээллээр хангагдаж, иргэний эрхийн хэрэгжилт чамбайрч, ахиц бий болоход тус дэм болох аж.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news