“ФЕТО” бүлэглэлийг дэмждэг “NBA”-гийн тоглогчийг Румынд нэвтрүүлэхээс татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БУХАРЕСТ./Anadolu/. Румын улсын хилийн алба бямба гарагт “ФЕТО” бүлэглэлийг дэмжигч гэдгээрээ олонд танигдсан Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ тоглогч, турк гаралтай Энес Кантерыг Бухарестын нисэх онгоцны буудалд буугаад байхад нь тус улсад нэвтрүүлэхээс татгалзсан байна.
Түүний паспортыг Туркийн эрх баригчид хүчингүйд тооцсон тул “Henri Coanda” олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх цэг рүү очихоос нь өмнө Румыны цагдаа нар түүнийг саатуулсныг харуулсан дүрс бичлэгийг Э.Кантер твиттер хуудсандаа байрлуулсан байна.
Хүчин төгөлдөр паспортгүй байсан учраас Э.Кантерийг Румынд нэвтрүүлэхээс татгалзсан гэсэн Дотоод хэргийн яамны тайлбарыг Румыны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилсан байна.
2016 оны 7 дугаар сарын цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа "Оклахома Сити Тандер" багийн тоглогч Э.Кантер уг цэргийн эргэлтийг зохион байгуулсан “ФЕТО”-гийн удирдагч, АНУ-д амьдардаг Фетулла Гулленийг дэмждэг гэдгээ нийгмийн сүлжээнд ил тодоор зарлаж байжээ. Энэ үймээний үеэр 249 хүн амиа алдаж, 2200 хүн шархадсан юм.
Х.Сарнай