Хэнтийчүүд “Малын хулгайгүй аймаг, сум, баг” болох уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:15:41

Хэнтий аймагт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хэрэгжилтийг хангах зорилгоор “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт зөвлөлгөөнийг Баянмөнх, Жаргалтхаан, Батноров, Биндэр, Хэрлэн суманд бүсчилэн явууллаа.

Энэхүү зөвлөлгөөнийг аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааг эрчимжүүлэх, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Эрх чөлөөтэй Хэнтийчүүд” бүлэгт заасан Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хэрэгжилтийг хангах үүднээс аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнууд, Сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, багийн Засаг дарга, мал бүхий иргэдтэй хамтран зохион байгуулав.

Тус зөвлөлгөөнөөр орон нутгийн хуулийн байгууллагууд хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл хийж, сум тус бүрийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэж, оролцогчдын санал, дүгнэлтийг сонсож улмаар “Малын хулгайгүй аймаг, малын хулгайгүй сум, малын хулгайгүй баг болох” уриалгыг гаргаж дараах заалт бүхий зөвлөмжийг баталж цаашид хэрэгжилтийг хангаж ажиллахаар шийдвэрлэлээ.

Тухайлбал: Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг идэвхжүүлж малчид, төрийн байгууллагууд хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, Аймгийн ИТХ-ын 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн “Бод малыг зурагжуулах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлж, бод малыг бүрэн зурагжуулж хэвших, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд малчид, төрийн байгууллагын оролцоо, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах ажилд “Малчдын бүлэг холбоо”-г чадавхжуулах, шинээр зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн аж.

Мөн сумдын багийн Засаг дарга нарыг эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж гарал үүслийн бичиг олгох ажилд туйлын хянамгай байж, гарал үүслийн бичиг засвар, зөрчилтэй, малын тоо зөрүүтэй тээвэрлэсэн, тууварласан бол тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу хурааж, улсын орлого болгож шийдвэрлэх тухай мэдээллийг өгөв.

О.Буянхишиг

Related news