Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Өвөр Монголд малчны хотонд саатлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-13 22:48:25
ШИНЭ БУЛАГ. /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан тус орны "Талын дуу хоолой" радион захирал Баясгалангийн санаачилгаар зохион байгуулж буй  “Хөгжилд хөтөлсөн 70” жил Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын хүрээнд хоёр улсын сэтгүүлчид зургадугаар сарын 13-ний энэ өдөр Өвөр Монголын Баруун үзэмчин хошууны Хоолтын гол балгасын Шинэ булаг гацааны малчин Баатарын хотонд бууж, аж амьдралтай нь танилцлаа.

Бэлчээрийн даацтай холбоотойгоор Өвөр Монголд малын тоог хязгаарладаг бөгөөд тухайн өрх хэдэн гишүүнтэйгээс нь хамааран бэлчээрийн газрын хэмжээг тогтоож өгдөг байна. Үүнтэй холбоотойгоор Өвөр Монголд Ар Монголынхтой адил нүүдэллэн амьдардаг малчид одоо байхгүй болжээ. Нэг хүнд 31 га газар ногддог аж.


2017 оны Бүх Хятадын “Хамаг гоё гэр бүл” гэсэн яруу алдрыг хүртсэн малчин Баатарынх мах-сүүний чиглэлийн үхэр голдуу 300 гаруй тооны малтай гэнэ. Тэднийх 20-30 үнээ сааж байна.

Өвлийн улиралд малд өгөх өвс тэжээлийн нэг хэсгийг нь өөрсдөө тарьж, нөгөө хэсгийг нь худалдан авдаг байна.

Гэрийн эзэн Баатарын ярьснаар, тэдний жилийн орлого нь 400 мянган юань. Орлогын дийлэнх хувь нь үхрийн махны борлуулалтаас бүрддэг байна. Нас гүйцсэн эр үхэр дунджаар 500 кг татдаг бөгөөд 13 мянган юанийн үнэд хүрдэг  ажээ.

Баатарын гурван хүүгийн нэг нь аав ээждээ туслан малчин болсон бол хоёр нь албан ажил эрхэлж байна. Хоёр хүү нь эхнэр авч, тус бүр нэг хүүхэдтэй болжээ.



Өвөр Монголын аймаг, хошуудын засаг захиргаа малчдыг ихэд дэмждэг байна. Тухайлбал, ган зудтай үед малын өвс тэжээлийн тусламж үзүүлж, малчдын эрүүл мэндийн даатгалыг төрөөс төлж, эмнэлэгт хэвтэхэд болон эм тариа худалдан авахад хөнгөлөлт үзүүлдэг аж.

Баатар ярихдаа “1970-аад оны үед мал цөөн,  аж амьдрал тарчигхан тааруу байсан. Харин одоо бол малын тоо толгой өсөж, аж амьдрал дээшлээд байна. Чинээлэг хангалуун амьдарч байна гэж хэлэхэд болно” гэв.

1960-1970-аад оны үед Өвөр Монголын малчид нүүдэллэн амьдардаг байсан бол 1980-аад оны сүүлчээс суурин амьдрах болжээ. Өнөөдөр Өвөр Монголд монгол гэрт амьдарч байгаа малчин айл гэж байхгүй. Одоо зөвхөн жуулчны баазууд л монгол гэр барьсан харагдана.



Өвөр Монголын малчид бүгд тохилог сууцанд амьдарч байна. Тохь тухтай  сууц болон малын саравч барихад шаардлагатай 300 мянган юанийг мужийн захиргаа, хошууны захиргаа болон тухайн малчин өрх гурав тэнцүү хуваан гаргадаг байна.

Өвөр Монголын нийгэм-эдийн засгийн хөгжил, ард иргэдийн аж амьдрал болон түүх соёлоо хэрхэн хадгалан хамгаалж байгааг сурталчлах зорилго бүхий 10 хоногийн хамтарсан сурвалжлагын багт Өвөр Монголын талаас “Монгол Одон” телевиз, “Талын дуу хоолой” радио “Солонго” сэтгүүл болон Хятадын олон улсын радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 10 сэтгүүлч хамрагдаж байгаа бол Монголын талаас үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, Өнөөдөр сонин, Barilga.mn, Fact.mn, UBS телевиз, Өдрийн сонин, TV5 телевиз болон ФМ 107.5 радиогийн 12 сэтгүүлч хамрагдаж байгаа юм. Хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага энэ сарын 9-нд эхэлсэн билээ.
 
Г.Доржханд

/Өвөр Монголын ӨЗО-ны
Баруун үзэмчин хошуунаас мэдээлэв/
Related news