НҮБ: Донбасст 10 мянган хүн амиа алдсан
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН./BBC/. Донбассын хямрал мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд төгсгөл болох эсэх нь тодорхойгүй байна гэж энэ оны 2 дугаар сараас 5 дугаар сар хүртэлх хугацааг хамруулан НҮБ-аас саяхан гаргасан тайланд дурджээ.
2014 оны 4 дүгээр сард Украины зүүн нутагт дайн эхэлснээс хойш наад зах нь 10 090 хүн, үүнээс 2777 энгийн номхон оршин суугч амь насаа алджээ.
Сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоог олон удаа зөрчиж байснаас гадна галын шугамын хоёр талд олзолсон хүмүүсийг тамлан зовоож, тэдэнд эрүү шүүлт тулгаж байна гэж НҮБ мэдэгдсэн байна.
“Хүнийг тамлан зовоох тохиолдлууд байсаар байна, зарим тохиолдлыг баримтжуулж авсан. Тамлан зовоосон хэргийг шалгах ажиллагаа үр дүнгүй болж байгаа нь "хариуцлага тооцдоггүй юм байна" гэсэн буруу ойлголтыг улам лавшруулж байна” гэж уг баримт бичигт дурджээ.
2017 оны 2 дугаар сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд НҮБ-ын хүний эрхийн мониторингийн ажилтнууд 36 хүн нас барж, 157 хүн шархадсаныг баримтжуулж авчээ.
Мөргөлдөөн эхэлснээс хойш нийтдээ 23 966 хүн шархадсан байна.
1,6 сая хүн нутаг орноосоо дүрвэхээс аргагүй болсон бол 3 сая хүн зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтанд буй бүс нутагт байгаа аж.
Мөн Крымын шоронд хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг НҮБ-ын мониторингийн ажилтнууд баримтжуулж авчээ. Олон улсын хүмүүнлэгийн хэм хэмжээг үл хэрэгсэн баривчлагдсан хүмүүсийг Орос руу шилжүүлдэг болохыг илрүүлжээ.
О.Барс