Д.Трампын 2016 оны санхүүгийн мэдүүлэг нийтлэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-17 14:00:53
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын ёс зүйн асуудал эрхэлсэн товчоо баасан гарагт төрийн тэргүүн Дональд Трампын 2016 оны санхүүгийн мэдүүлгийг нийтэлжээ. 98 хуудас уг баримт бичгийг тус байгууллагын цахим хуудсанд дэлгэжээ.

Уг баримт бичигт Ерөнхийлөгч тухайлбал, 19,7 сая долларын орлогыг 2016 оны 9 дүгээр сард Вашингтонд нээгдсэн отелиосоо олсон бол Флорида муж улсад байдаг “Мар-а-Лаго” амралтын газраасаа 37,2 сая долларын орлого олдог гэдгээ тусгажээ. Дашрамд дурдахад, дээрх амралтын цогцолборын орлого өнгөрсөн онд 7,4 сая доллароор бага байжээ. Нью-Жерси муж улсын Бедминстрт байрладаг гольф клуб эзэндээ 19,8 сая долларын ашиг авчирсан нь 2015 оныхоос 800 мянган доллароор доогуур байгаа аж.

Мөн Д.Трамп өөрийн бичсэн номноос 7 сая долларын орлого олсон мөн АНУ-ын киножүжигчдийн холбооноос 84 мянган долларын тэтгэвэр авдгаа мэдүүлжээ. Түүнчлэн уг мэдүүлэгт Ерөнхийлөгчийн олон тооны хөрөнгө оруулалтууд, орлогууд, тэтгэврийн дансуудыг тусгаж өгчээ. Тэдгээрт нийтдээ Д.Трампын 565 компани, байгууллагын 288 сая долларын орлого байгаа аж. Ерөнхийлөгч Д.Трамп эдгээр байгууллага компаниудаас тангараг өргөхийн өмнөх өдөр гарсан гэдгийг ёс зүйн асуудал эрхэлсэн товчоо дурджээ.

Д.Трамп 2016 оны 1 дүгээр сараас хойш нийтдээ 1,4 тэрбум долларын актив хөрөнгө, мөн хамгийн багадаа 598 сая дундын орлого байгаа гэдгээ мэдүүлжээ. Ерөнхийлөгчийн өр 315 сая орчим доллар байгаа ба Д.Трамп Deutsche Bank-д 130 сая долларын өртэй хэвээрээ байгаагаас гадна үл хөдлөх хөрөнгийн “Ladder Capital Finance” хөрөнгө оруулалтын санд мөн төдий хэмжээний өртэй байна.
О.Барс
Related news