Эрдэнэт үйлдвэрийн уран бүтээлчдээ орон нутагт шилжүүлэх саналтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНХэмнэлтийн бодлогын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК өөрийн харьяаллын Уурхайчин соёлын ордны “Эрдэнэт Дуу Бүжгийн чуулга”-ын уран бүтээлчдийг Хүүхэд, залуучуудын театрт шилжүүлэх хүсэлт гаргажээ.
Үүнийг өнгөрсөн есдүгээр сард орон нутгийн удирдлагуудад уламжилсан байна. Үүний дагуу аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцэж дараагийн хуралдаанд шийдвэрлэхээр хойшлууллаа. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч, үйлдвэрийн удирдлага, Хүүхэд, залуучуудын театрын дарга нарын байр суурийг сонсох гэнэ. Учир нь улсын төсөв батлагдсан энэ үед уран бүтээлчдийн цалин, урамшууллыг олгох боломжгүй ажээ.
“Уурхайчин” соёлын ордон 60 ажилтантай. Үүний 28 нь “Эрдэнэт Дуу Бүжгийн чуулга”-д харьяалагддаг юм. Тэдний цалин, урамшуулалд “Эрдэнэт үйлдвэр” ХХК жилд 492 сая төгрөг зарцуулдаг байна. Дээрх 28 уран бүтээлч 2001 оноос “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д харьяалагдах болсон бөгөөд өмнө нь орон нутгийн соёл, урлагийн байгууллага нэрийн дор ажиллаж байжээ. Хэрэв эдгээр уран бүтээлч Хүүхэд, залуучуудын театр луу шилжвэл бүтэц, орон тоо, ажиллах нөхцөл, уран бүтээл зэрэгт нь өөрчлөлт орно. Иймд уг асуудлыг сайтар нягталж олон талын байр суурийг сонсож шийдвэр гаргах хэрэгтэй байгаа ажээ.
Б.Оюун-Эрдэнэ