Сумын цэцэрлэг ургацаа авч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-20 08:20:50
Дундговь/МОНЦАМЭ/Дэлгэрхангай сумын цэцэрлэгийн хамт олон хүлэмж барьж, хүнсний нарийн ногооны тариалалт хийсэн нь сумынхаа албан байгууллагуудаас анхдагч нь болжээ. Ургацаа эхнээс нь хурааж байгаа. Даршилж бэлтгэн сумынхаа иргэдэд нийлүүлэх, хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэх боломж бүрдэж байна гэж цэцэрлэгийн эрхлэгч Д. Будням ярилаа.
Тус хамт олон өнгөрсөн оны 11 дүгээр сард 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн шинэ барилга хүлээн авсан. Шинэ цэцэрлэгийнхээ орчин нөхцлийг тохижуулахаар хавар 200 гаруй мод хашаандаа суулгажээ. Үүнтэй уялдуулан энэ зун хүлэмжийн аж ахуйг эхлүүлж, эхний удаад 100 м.кв талбай бүхий нэг хүлэмжид өргөст хэмх, улаан лооль тариалсан байна. “Манайх дэргэдээ худаг устай. Тиймээс ногоон байгууламжтай болж, хүнсний ногоо тарих нөхцөл илүүтэй бүрдсэн” гэж цэцэрлэгийн эрхлэгч сонирхуулсан юм. Эцэг эхчүүд хүлэмжийн хөрсийг бордож бэлдэхэд нь багш нарт тусалсан байна.
Тус суманд хүнсний ногоо тариалдаг иргэд төдийлөн байхгүй. Хүлэмжийн тариалалттай нэг иргэн бий бөгөөд хоёр дахь нь сумын цэцэрлэг болж байгаа ажээ. Цаашид албан газар, хамт олон, иргэдийг хүлэмжтэй болж, хүнсний ногоогоо тариалдаг болоход нь тусалж үрсэлгээ хийж өгөх, сумынхаа ард иргэдийн хүнсний хэрэгцээнд нарийн ногооны хэрэглээг нэмэгдүүлэхэд нэмэр тус болох нь цэцэрлэгийн хамт олны зорилго гэлээ.
Т. Отгонтуяа 
 
 
Related news