“Алтан өв” хөтөлбөр хөөмийн уянгаар өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 16:53:08

Олон үндэстэн ястны өв соёлыг сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн “Чандмань сумын өв соёлын өдөр" саяхан боллоо.

Нээлтэнд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт,Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа, Чандмань сумын ИТХ-ын дарга, Засаг дарга болон нутгийн зон олон оролцов.

Энэ үеэр ардын уламжлал тоглоом Панжиганы тэмцээн, “Чандманьд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сумын ардын авьяастнуудын “Хос Алтайн эгшиглэн” урлагийн нандин өв соёлоос бүрдсэн тоглолт аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.

Тус арга хэмжээнд нийт 80 гаруй уран бүтээлчид оролцож, Жаргалант суманд амьдран суух нутгийн зон олон  цугларсан байв.

Тоглолтын төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, сумын удирдлагуудад, аймгийн Засаг даргын өргөмжлөлийг нэг сая төгрөгийн хамт гардуулав.

Чандмань сум сурталчлахад амжилттай оролцсон зарим ардын авьяастнуудад аймгийн Засаг даргын нэрэмжит шагналууд болон салбар байгууллагуудын шагналыг гардууллаа.

Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд манай аймгийн 17 сум соёлын өдөр, сум сурталчлах арга хэмжээгээ хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдаж дуусч байна.

Монголд төдийгүй Дэлхийд хөөмийгөөрээ алдартай Чандмань сумаар уг арга хэмжээг  хөөмийн яруу уянгаар өндөрлөв.

А.Бямбасүрэн

Related news