Он гарснаас хойш 750 мянга гаруй цагаач Европын эрэгт иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-04 12:02:44

НҮБ. /TASS/. Энэ оны нэгдүгээр сараас хойш Газар дундын тэнгисээр дамжин Европт ирсэн цагаачдын тоо 750 мянгад хүрсэн тухай НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Антониу Гутерреш тус байгууллагын Ерөнхий Ассамблейн гуравдугаар хороонд үг хэлэхдээ мэдэгджээ.

“Энэ оны нэгдүгээр сараас хойш 750 мянга гаруй цагаач Европын эрэгт ирсэн. Европыг зорих замдаа 3400 хүн тэнгист амиа алдсан бөгөөд цаг агаарын байдал дордож байгаагийн улмаас амиа алдагсдын тоо хурдацтай өсч байна” гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлснээр, зөвхөн Грекийн эрэг хавийн аралд гэхэд өдөр бүр 6000-8000 хүн ирж байна.

Цагаачдыг эрэх-аврах ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Европын орнууд нэмэлт хүчин чармайлт гаргах шаардлагатай байна гэж НҮБ-ын дээд комиссар хэлжээ. “Зөвхөн өнгөрсөн долоо хоногт Грекийн эрэгт 13 хөлөг онгоц осолдож, 150 гаруй хүн амиа алдсан эсвэл сураггүй алга болсон бөгөөд тэдний дотор хэдэн арван хүүхэд байсан” гэж Гутерреш хэлсэн байна.

Д.Жаргал

 

Related news