Хавайд “ухаалаг утасны зомби” нарт зориулан хууль баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-07-31 14:31:15
АСТАНА./КАЗИНФОРМ/. Хавайн арлын Хонолулу хот нь явган зорчигч замаар хөндлөн гарах үедээ гар утсаа харах, мессеж бичих, тоон төхөөрөмж ашиглахыг хориглосон Америкийн анхны хот боллоо гэж мэдээллийн BBC агентлаг мэдээлжээ.

Хууль 10 дугаар сараас үйлчилж эхлэх ба “анхаарал болгоомжгүй зорчсоны” улмаас амиа алдах, гэмтэл бэртэл авч буй хүмүүсийн тоог бууруулах зорилготой аж.

Зам хөндлөн гарах үедээ цахим төхөөрөмж, түүний дотор нөүтбүүк, камер руу ширтэн гөлөрч, уг хуулийг зөрчсөн хүмүүсийг 15-аас 35 хүртэл доллароор торгох юм. Зөрчлийг давтан гаргасан тохиолдолд торгуулийг 99 доллар болгож өсгөх гэнэ.

Харин онцгой байдлын алба, түргэн тусламж руу утасдсан тохиолдолд шийтгэхгүй аж.

Хотын эрх баригчдын гаргасан тогтоолд “явган зорчигч нь хөдөлгөөнт цахим төхөөрөмж рүү харангаа зам хөндлөн гарахыг хориглоно” гэж дурджээ.

Энэ шийдвэр нь засгийн газрын зүгээс хүмүүсийн үйлдлийг зохицуулах гэж хэт их оролдож байна гэсэн шүүмжлэлийг дагуулж байгаа аж. “Заримдаа хүнийг эрүүл ухаантай байлгахын тулд хууль журам гаргахад битгий хүргээсэй гэж би боддог юм, гэхдээ зарим үед бидэнд эрүүл ухаан дутагдаад байх юм” хэмээн хотын дарга Кирк Колдуэлл Ройтерс агентлагт ярьсан байна. 

Америкийн эрх баригчдын мэдээлснээр, явган зорчигч гар утсандаа сатаарснаас болоод АНУ-д 2000-2011 оны хооронд гэмтэл бэртэл авсан тохиолдол 11 000 гаруй удаа бүртгэгджээ. Сүүлийн жилүүдийн статистик мэдээлэл хараахан гараагүй байгаа боловч байдал үүнээс нэлээд дордсон нь тодорхой байгаа аж.

Хонолулу бол “ухаалаг утасны зомби” нарын аюулгүй байдлыг хангах гэж оролдож буй анхны хот биш юм.

Нэг жилийн өмнө Германы Аугсбург хотын эрх баригчид ийш тийшээ хардаггүй, зөвхөн гар утас руугаа гөлөрч явдаг хүмүүст зориулж, явган хүний гарцын дэргэд, явган хүний замын яг голд нь улаан гэрлэн дохио байрлуулж байжээ. Мөн Хятадын Чунцин хотод хэдэн жилийн өмнө гар утастай хүмүүст зориулсан явган замыг тусад нь хийж өгч байсан гэнэ.
 
О.Барс 

 

 

Related news