"Монголын нүүдэлчдийн нэг өдөр" болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-01 08:33:10
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хоёр дахь жилдээ "Монголын нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 
Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан нүүдэлчин соёлыг дотоод гадаадын аялагчдад Монголын уламжлалт зан үйлийг нэг дороос сурталчлах дээрх ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. "Монгол говь" нүүдэлч малчдын холбооноос санаачлан явуулж буй говь нутаг руу дотоод гадаадын аялалгчдыг татах зорилго бүхий энэхүү арга хэмжээг энэ жил Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Ханхонгор сумын ЗДТГазар, "Бэлчээрийн ногоон алт" төслийнхөн хамтран зохион байгуулж байгаа юм байна. "Монголын нүүдэлчдийн нэг" өдөр нь Ханхонгор сумын Мандах багийн нутагт энэ сарын 5-нд болох юм.
Уг өдөрлөгийн үеэр Цагаан сарын зан үйл, ингэ саах, хөөслөх, эрийн гурван наадам, гүү саах, эмнэг сургах, үрсний найр, эсгий хийх, сур элдэх, нүүдэл тосох, гэр барих, бэр гуйх, хүүхдийн даахь үргээх зэрэг нүүдэлчин малчдын ёс заншлыг харуулсан үзүүлэх тоглолтыг малчид өөрсдөө зочдод харуулах нь. Мөн энэ үеэр шагай хамах, унага уралдуулах, хуруу гаргах, үндэсний нийтийн бүжиг зэрэг уралдаан тэмцээн болохоос гадна гар урлалын үзэсгэлэн худалдаа болох ажээ.  
Өдөрлөгийн үеэр зөвхөн үндэсний хоолоор үйлчлэх бөгөөд Ханхонгор сумын соёлын сургуулийн уран зургийн ангийн хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэнг дэлгэх юм. 
Д.Мишигсүрэн
Related news