2013 оноос хойш Хөвсгөлийн таван цэрэг Баруунтуруунд амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-11-04 16:16:15

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр Увс аймгийн Баруунтуруун сум дахь цэргийн ангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал С.Лхачинжав, Хууль зүйн яамны зарим албан тушаалтнууд болон цэргийн ар гэрийнхний төлөөллийг оролцуулсан уулзалт Төрийн ордонд  болов.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагаан-Уул, Улаан-Уул зэрэг сумаас Увс аймгийн Баруунтуруун сумын 0311 дүгээр ангид цэрэгт татагдсан залуусаас нас барсан тохиолдол 5, өвчтэй болсон мөн тооны тохиолдол гарсан байна. Иймд тэдгээр цэргийн ар гэрийнхэн удаа дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ханджээ. Ц.Даваасүрэн гишүүн Хил хамгаалах ерөнхий газарт 2013 онд нэг удаа, Хууль зүйн сайдад 2013 онд нэг удаа, 2014 онд гурван удаа албан тоот хүргүүлсэн байна. Нас барсан болон өвчтэй байгаа цэргүүдийн ар гэрийнхнийг тэдгээр албан тушаалтнуудтай уулзуулжээ.

Уулзалтын үеэр тэдгээр эцэг эхчүүд "2013 оноос хойш энэ асуудлыг хөндөж байгаа. Тэнд очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг эсвэл амь эрсэддэг. Эрүүл саруул хүүхдээ цэрэгт явуулаад эргэж ирэхгүй, өвчтэй болсонд гомдолтой байна"  гээд хүний амь настай холбоотой энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Төр үүнд буруутай. Цэрэгт татахдаа тэдгээр залуусыг үзлэгээр оруулсан байж таарна. Өвчтэй бол цэрэгт татахгүй шүү дээ. Уг нь цаг уурын ижил төстэй, хүйтэнд тэсвэртэй, малчин айлын хүүхдүүд байсан байгаа юм. Эргээд тэр цэргүүдэд төр халамжаа дутуу гаргасан. Эцэг эхчүүд ангийн захирагч биш ахлагч, бага дарга нарт асуудал байна гэж хэлж байгаа. Өнгөрсөн долдугаар сард нэг цэрэг амиа боомилсон харамсалтай явдал ч гарсан.  Айлын ганц хүүхэд, эх нь хөгжлийн бэрхшээлтэй. Тэр айлыг авч явсан ганц хүүг нь аваачаад эндүүлчихсэн. Хүний амийг юугаар төлөх юм бэ. Хууль зүйн яам, Хилийн цэрэг эцэг эхийн хагацлыг хуваалцах ёстой. Үр хүүхдээ цэрэгт явуулаад амьд эргэж ирэх боловуу гэж бодох айдас хүйдэс сэтгэл эмзэглүүлж байна" гэлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news