Ч. Оюунчимэг: Тугалган үсэг хийхээ больсон болохоор үсгээ гамтай хэрэглэхээс өөр аргагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 10:42:10

Жаран таван жилийн турш үйл ажиллагаагаа огтхон ч зогсоогоогүй, өнөө хэр нь тугалган үсэг өрж хэвлэж байгаа цорын ганц хэвлэх үйлдвэр Дундговь аймагт бий. 

Хэвлэлийн шинэ шинэ технологи нэвтэрч, гоё чамин бүтээгдэхүүнийг уралдан уралдан гаргадаг болсон энэ өрсөлдөөн дунд анх байгуулагдсан үеийнхээрээ хар тугалган үсгээ өрж, тухайн үед орос ах нарын дэвшилтэт технологи болгож байсан хэвлэлийн машинаар ямар ч саадгүй хэвлэж байгааг харахад сонирхол төрнө. Хэвлэлийн тоног төхөөрөмж, хэвлэдэг арга хэлбэрээрээ ч хэвлэлийн нэгэн үеийн түүхийг хадгалж үлдсэн энэ үйлдвэрийг тэр чигтээ музейн үзмэр гээд хэлчихэд нэг ч их буруудах зүйлгүй. 
1948 оны тавдугаар сарын нэгний өдөр Дундговь аймгийн анхны хэвлэл “Чойбалсанч” сонины эхний дугаарыг хэвлэж эхэлснээр үндэс сууриа тавьсан үүн шиг үйлдвэр бүх аймагт байсан түүхтэй. Харин одоо цор ганцаараа үлдээд байгаа энэ үйлдвэрийг ерээд оны өмч хувьчлалаар хувьцаагаа нийлүүлж авсан хэвлэхийн ажилтнууд “Оюундалай говь” хоршоо болгож үйл ажиллагааг нь таслаагүй авч яваа юм. Хоршоонд анх хувьцаагаа нийлүүлсэн 14 ажилтан байснаа өндөр настны тэтгэвэрт суусаар өнөөдөр хоёр хүн үлджээ. 
Тэд аймгийнхаа бүх албан байгууллага, аж ахуйн нэгжид хэрэгцээтэй албан бичиг хэргийн маягтуудыг хэвлэж, хямд үнээр нийлүүлдэг болохоор захиалга тасардаггүй ажээ.  “Оюундалай говь” хоршооны хэвлэгч Ч.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Олон төрлийн бүтээгдэхүүн танайхаас гардаг юм байна шүү?
-Тийм ээ. Бэлэн мөнгөний орлого зарлагын баримт, албан ажил хөтлөлтийн дэвтэр, эмчийн эмийн жор бичих маягт, өвчтний бүртгэлээс эхлээд тухайн байгууллагад ямар л маягт хэрэгцээтэй байна, тэр бүгдийг хэвлэж өгдөг. Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын бүх эмнэлэг манай захиалагчид. Аж ахуйн нэгж, байгууллагуудын орлого зарлагын бүртгэл, татварын тайлан тооцооны дэвтэрийг ч хэвлэнэ.
-Хэдэн төгрөгийн өртөгтэй байх вэ?
-Хамгийн хямд нь үзвэрийн билетийг 3 төгрөгөөр хэвлэдэг. За тэгээд бусад маягтууд 5- 9 төгрөг. Хамгийн үнэтэй нь 100 төгрөгөөр хэвлэдэг маягт бий. Маягтуудаа 50 ширхэгээр дэвтэрлэн үдсэн нь 700 төгрөг, А4- ийн хэмжээтэй бүртгэлийн дэвтэр 2 мянган төгрөг гэх жишээгээр маш хямд өртөгтэй. 
-Түүхий эдийн хувьд, за яахав цаасыг бол Улаанбаатараас авдаг байх. Тугалган үсэг одоо олдохгүй биз дээ?
-Тийм. Цаас болон хэвлэлд шаардлагатай ойр зуурын материалыг Улаанбаатараас авчихна. Харин тугалган үсэг хийдэг газар хаа ч байхгүй болсон тул байгаа үсгээ гамтай хэрэглэхээс өөр аргагүй. Одоо үсгүүд маань ерөнхийдөө л элэгдчихлээ. Энийг хар л даа, товгор үсэг мөлчийчихсөн байгаа биз. Үсэг элэгдэж байна гэдэг бидний санааг зовоосон л асуудал.
- Дутуу үсэг бий юу?
- 10- тын Н үсэг, 8- тын Р үсэг дутуу. Бусад бүх үсэг хүрэлцээтэй бий. 
- Хэвлэх машинууд хэдий үеийнх вэ? Бүгд хэвийн ажиллана биз?
- 70- 80- аад оных юм болов уу даа. Би 1985 онд дөнгөж хорь гаран насандаа хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр ажилд орсон юм. Намайг ажил ороход л энэ машинууд ажилладаг байсан. Одоо ямар ч доголдолгүй ажиллана. Бүх машин бий. Огтлогч машин ч бий.  
- Хэвлэх үйлдвэрээ орчин үеийн тоног төхөөрөмжтэй хослуулъя гэдэг ч юмуу, өөрчлөх бодол байдаг уу?
- Байлгүй яахав. Бид нэг бус удаа төсөл бичиж байсан ч дэмжигдээгүй. Болж өгвөл орчин үеийн өнгөт хэвлэлийн төхөөрөмжтэй болох юмсан гэж бид ярьдаг юм. 30 жил хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаа болохоор хэдий хоёулаа үлдсэн ч хэвлэх үйлдвэрээ орчин үетэй хөл нийлүүлж хөгжүүлэх юмсан гэж хүсдэг.  
- Гэхдээ өртөг бага, хэрэгцээ их байгаа болохоор үйлдвэр чинь хоцрогдохгүй л юм байна шүү дээ?
- Нэг бодлын тийм шүү. Зах зээлийн ороо бусгаа үед бусад нь тарж бутарч байхад нэгдэж үлдэж чадсан үйлдвэрээ  элгээр нь мөлхүүлчихгүйн тулд бид хоёр хичээн ажилладаг. Захиалга их ирнэ ээ. Манайх өөрийн гэсэн байртай болохоор түрээс төлөхгүй. Урсгал зардлаа нөхөөд цалингаа аваад алдагдалгүй ажиллаад байх бүрэн боломжтой. Өнөөдөр бид банкинд ямар нэгэн зээл байхгүй. Татварын өр ширгүй. Тэгэхээр ямар нэг дарамт ердөө алга. Энэ чигээрээ ажилласаар 2018 онд 70 жилийн ойтойгоо золгоно гэж бодож байгаа. 

Дундговь Т. Отгонтуяа

Related news