Филиппиний цагдаа нар нэг шөнийн дотор 32 хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-16 14:44:19
МАНИЛА. /VOA/. Филиппиний цагдаа нар мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны үеэр 32 хүний аминд хүрчээ. Энэ нь тус улс хар тамхины эсрэг дайн зарласнаас хойш цагдаа нар нэг шөнийн дотор хамгийн олон хүний аминд хүрсэн тохиолдол болж байна.

Нийслэл Манила хотоос хойд зүгт орших Булакан мужид цагдаа нар даваагаас мягмар гарагт шилжих шөнө тусгай ажиллагаа явуулсан гэнэ.

Сэжигтнүүд зэвсэглэсэн байсан бөгөөд эсэргүүцэл үзүүлсэн учир бид тэднийг устгасан гэж Филиппиний цагдаа нар өнөөдөр мэдэгдэв.

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте 2016 онд хар тамхины эсрэг дайн зарласнаас хойш тус улсын цагдаа нар хар тамхи хэрэглэдэг болон худалддаг хэдэн мянган хүнийг ажиллагааны явцад буудан устгаад байгаа юм.

Мансууруулах бодисын наймааг таслан зогсоох зорилго бүхий энэ кампанит ажлын явцад сэжигтнүүдийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шууд буудан хөнөөж байгааг дэлхий нийтээрээ шүүмжилж, зэмлэн буруушаасаар байгаа билээ.



Өчигдөр явуулсан ажилллагааны үеэр мөн 100 гаруй хүнийг баривчилж, хууль бус зэвсэг болон их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ.
 
Г.Доржханд
Related news