НҮБ: Амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар тасарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-08-17 10:03:10

ФРИТАУН. /VOA/. Сьерра-Леоны нийслэл хотод болсон хөрсний нуралтын улмаас 400 гаруй хүн амиа алдсан бөгөөд аврагчид нурангин дороос амьд үлдэгсэдийг олох найдвар тасарч байгаа тухай тус улсад суугаа НҮБ-ын төлөөлөгч мэдээллээ.

Сьерра-Леонд суугаа НҮБ-ын төлөөлөгч Сунил Сайгал Британийн мэдээллийн суваг болох "Sky news"-т өгсөн ярилцлагадаа "амьд үлдсэн хүмүүсийг олох найдвар тасарч байгаа тул аврах үйл ажиллагааг удахгүй зогсооно" гэж ярьжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ  “Амьд гарч чадсан хүмүүст тусалж, орон нутгийг сэргээн босгох ажил маш их чухал боловч газрын хөрсний нуралтанд дарагдсан хүмүүсийн цогцсыг гаргаж авах нь мөн адил чухал юм” гэжээ.

Хөрсний нуралтын улмаас гэр орноо алдсан, нүүлгэн шилжүүлсэн хэдэн мянган ард иргэдэд бодит тусламж үзүүлэх ажлыг НҮБ засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа юм.

Фритаун хотын шарил хадгалах газар амиа алдсан хүмүүсийн цогцсоор дүүрчээ. Амиа алдагсдыг таниулах ажиллагааг гэр бүлийнхэнтэй нь хамтран хийж байгаа бөгөөд пүрэв гарагт бөөнөөр нь оршуулахаар төлөвлөж байгаа гэж албаны хүн мэдээллээ. Хэдэн мянган ард иргэд орон гэргүй болсон байна. Хэдэн цагийн турш аадар бороо орсны дараа Фритаун хотын ард иргэдийг унтаж байхад нь хөрсний нуралт болсон ажээ.

Фритаун хотод жил бүр хэдэн сарын турш аадар бороо орж, үер болдог юм. 

 

Х.Сарнай 

Related news