Венесуэльчүүд амьтны хүрээлэнгийн амьтдыг идэх зорилгоор хулгайлах болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАРАКАС. /The Guardian/. Венесуэлийн баруун нутгийн Зулиа мужийн амьтны хүрээлэнгээс зэрлэг амьтад хулгайлагдах болсноор холбогдох албаны хүмүүс мөрдөн шалгалт явуулж эхэлжээ. Амьтдыг хулгайч нар нядлан хүнсэнд ашигласан байж болзошгүй гэж албаны хүмүүс сэжиглэж байгаа гэнэ.
Колумбын хилээс холгүй орших Маракаибо хотын амьтны хүрээлэнгээс өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд тапир буюу сэлэгз хэмээх хоёр ховор амьтан алдагджээ.
Нийгмийн халамжийн олон хөтөлбөр хэрэгжүүлж байсан Ерөнхийлөгч Уго Чавес 2013 онд таалал төгссөнөөр Николас Мадуро тус улсын төрийн тэргүүн болсон юм.
Үүний дараа дэлхийн зах зээлд нефтийн үнэ унасны улмаас Венесуэлийн засгийн газрын нефть экспортоос олох орлого эрс буурч, улмаар тус улс хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн сүү, эм тариа болон бусад өргөн хэрэглээний барааны хомсдолд орсон билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын ард иргэд энэ оны дөрөвдүгээр сараас хойш эсэргүүцлийн жагсаал хийж байна.

Олон улсын валютын сангийн таамаглаж байгаагаар, Венесуэльд инфляцийн түвшин энэ онд 700 хувиас давах төлөвтэй байна.
Венесуэлийн дэлгүүрийн лангуунууд хоосорч, ард иргэд нь юу тааралдсанаа идэж, хог ухахад хүрээд байна гэж зарим эх сурвалж мэдээлж байна.
Амьтны хүрээлэнгийн дарга Леонардо Нунезын ярьснаар, сүүлийн өдрүүдэд 10 орчим амьтан хулгайд алдагджээ. Тухайлбал, нэг төрлийн одос үхрийг хулгайлж нядлаад, махыг нь зарж байсныг илрүүлжээ.
Г.Доржханд