Өмнөговь аймагт 2.5 сая гаруй толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-18 11:38:38
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт нутгаар бэлчээрийн 20 хувь ногоотой, 20 хувь дунд зэрэг, 60 хувь гантай байна. Тус аймгийн 15 сумын 58 багийн 5647 малчин өрхөд 2,9 сая толгой малыг тарга авахуулахаар отор нүүдэл хийж, тавтай зусаж байна. 2017-2018 оны өвөл аймгийн хэмжээнд 2,5 сая гаруй толгой мал өвөлжихөөр өвлийн бэлтгэлээ базааж эхэллээ. 

Аймгийн нийт нутгаар 5, 6, 7 дугаар сард ихэнхдээ халуун, салхи шуургатай байсан юм. Зургадугаар сар гараад Ноён, Гурвантэс, Цогтовоо зэрэг сумдаар, долдугаар сарын 20-доор төвийн бүсийн сумдаараа бага зэрэг бороо орсон. Хүрмэн, Номгон, Ханбогд, Баян-овоо, Номгон сумд зуншлага тааруу байна. Булган, Мандал-Овоо, Цогтцэций, Цогт-Овоо, Манлай сумдад зуншлага сайхан, оторчид олноороо очиж байгаа ч ногоо хатах тийшээ хандаж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Отор нүүдлийн урьдчилсан мэдээгээр өөрийн аймгийн бусад сумдад 326 өрхийн 167.8 мян мал, үүнээс бод 15.8 мян толгой, хилийн зурвас газар 151 өрхийн 43.4 мян толгой, улсын тусгай хамгаалалттай газар 587 өрх 238.9 мян толгой отроор өвөлжихөөр төлөвлөж байгаа ажээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын өвс тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тогтоолын дагуу аймаг аюулгүйн нөөцдөө 150 тн өвс, 40 тн тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа юм. Аймгийн аюулгүй нөөцөд одоо 91 тн өвс, тэжээл 173 тн байгаа бөгөөд үүний 55 тн нь хорголжин, 28 тн хивэг, эрдэнэшиш 90 тн байна.

Энэ оны өвөлжилтөд зориулж аймгийн аюулгүй нөөцөд 60.0 тн өвс татах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн сумын нөөцөд 600 тн өвс, 450 тн тэжээл бэлтгэхээс одоогоор 63.0 тн өвс, 73,0 тн тэжээлийн нөөцтэй байгаа гэнэ.
Д.Мишигсүрэн
Related news