Хар тамхины эсрэг дайнаа төгсгөл болгохыг мянга мянган хүн шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-08-22 15:44:56
МАНИЛА. /Reuters/. Нийслэл Манила хотод Ерөнхийлөгч Родриго Дутертегийн хар тамхины эсрэг зарласан дайныг буруушаан мянга мянган хүн жагсчээ.

Даваа гарагт хүний эрхийн төлөө тэмцэгчид, залуучууд болон шашины бүлэглэлүүд халуун орны үргэлжилсэн ширүүн бороог үл хайхран 1986 оны хувьсгалд зориулсан дурсгалын хөшөөний дэргэд цугларан Р.Дутертегийн хар тамхины эсрэг дайн болон хүний амь хөнөөх ажлаа зогсоохыг уриалсан байна.

Олон нийт шаардсаны дагуу Р.Дутерте даваа гарагт мэдэгдэл хийсэн бөгөөд түүний хар тамхины эсрэг хийж буй дайны бодлогод дүрэм журам зөрчсөн, хүчирхийлсэн явдал байсан байж болзошгүй юм гэж хэлсэн байна.

Олон мянган хүний амийг авч одсон цаазаар авах ялын гүйцэтгэл, цагдаагийн үйл ажиллагааг шалгахаар тусдаа мөрдөн байцаалт явуулахыг эсэргүүцэгчид шаардсан байна. Ерөнхийлөгч эдгээр хүмүүсийн үхэлд хариуцлага хүлээх ёстой гэж тэд үзэж байгаа юм.

Жагсагчид Филиппин улсын далбаа барьж, мөн “Фашистыг эсэргүүцэж байна”, “Аллагаа зогсоо”, “Бид тэмцэх болно” зэрэг бичиг бүхий самбар барин жагсчээ.

Даваа гарагт Фердинанд Маркосын дарангуйллын эсрэг 20 жил тэмцсэн ардчиллын бэлгэ тэмдэг болсон Бенигно Акиногийн амь насанд халдсаны 34 жилийн ой тохиож байгаа юм. Р.Дутерте нь дарангуйлагч Ф.Маркосыг дэмжигч билээ.

Түүний дэгдээсэн хар тамхины эсрэг дайнд одоогоор 13 мянга хүн амиа алджээ. 

Х.Сарнай 
 

Related news