Нигерид хүүхдүүдийг "амьд тэсрэх бөмбөг" болгох нь ихэсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-23 15:56:09
НҮБ. /Reuters/. Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл Нигерийн зүүн хойд нутагт хүүхдүүдээр амийг нь золиослуулах нь эрс нэмэгдсээр байна гэж НҮБ анхаарууллаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, энэ он гарснаас хойш Нигерид 83 хүүхэд босогчдын шахалтаар амиа золиослон дэлбэрэлт үйлджээ. Энэ нь өнгөрсөн онд тус улсад амиа золиосолсон нийт хүүхдийн тооноос дөрөв дахин өндөр үзүүлэлт юм.

Амиа золиослон дэлбэрэлт үйлдсэн хүүхдүүдийн 55 нь 15-аас доош насны охид байсан байна. Нялх хүүхэд авч явж байсан өсвөр насны охины биед тэсрэх бөмбөг бэхлэн дэлбэлсэн тохиолдол ч бүртгэгджээ.

ЮНИСЕФ мэдэгдэхдээ “Босогчдын энэ тактик нь Нигерийн хүүхэд багачуудыг айдаст автуулж байна” гэв.

2014 оноос хойш Нигерийн зүүн хойд нутгийн мужуудад 127 хүүхэд амиа золиослон дэлбэрэлт үйлджээ.

“Боко Харам” бүлэглэлийнхэн тус бүс нутгийн хүүхдүүдийг өөрсдийнхөө эгнээнд хүчээр элсүүлж, охид бүсгүйчүүдийг хулгайлах тохиолдол Нигерид байнга шахуу гарч байна гэж ЮНИСЕФ-ийн албаны хүн хэлэв.

Г.Доржханд
Related news