Архангай аймгийн малын эмч нар “номын дуу” сонсов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-06 11:11:13
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар “Мерси Кор” ОУБ-тай хамтран тус байгууллагаас хэрэгжүүлж буй “Даван туулах, дасан зохицох чадвартай иргэд” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Батцэнгэл Жаргалант Хашаат, Хотонт, Өгийнуур сумдын нийт 15 малын эмч болон аймгийн Мал эмнэлгийн албаны малын эмч нарт онол практикийн сургалт явуулав.

Сургалтаар Монгол оронд голлон тохиолдох малын гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмгэг хувирлыг нь тодорхойлох, түүнтэй тэмцэх, махны үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, эрүүл мах, түүнд тавигдах стандарт шаардлагуудын талаар мэдээлэл өгсөн байна.

Мөн Монгол оронд голлон тохиолддог, шинээр сэргэж буй гоц халдварт, халдварт өвчнүүдийг таньж оношлох, сэргийлэх, эмчлэх, мал амьтныг хэрхэн зөв задалж шинжлэх, дээж авах, дээж, эмгэгт материал ирүүлэхдээ анхаарах зэрэг асуудлууд болон махны үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хувийн мал эмнэлгүүдийн нөхцөл байдал, үйлдвэрлэлд тавигдах стандарт шаардлагуудын талаар суралцжээ.

Б.Гэрэлт-Од
Related news