ЕХ: Хорт бодистой өндөгний дуулиан 40 оронд тархаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-07 12:46:33
КОПЕНГАГЕН. /VOA/. Европт дэгдсэн хорт бодистой өндөгний дуулиан шуугианд 40 улс, тодруулбал Европын Холбооны  /ЕХ/ гишүүн 24 улс болон гишүүн бус 16 орон өртөөд байна гэж ЕХ-ны албаны хүн мэдэгдлээ.

Европын Комиссын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Витянис Андрюкайтис өчигдөр мэдэгдэл хийхдээ “ЕХ-ны гишүүн 28 улсын ердөө дөрөвт нь буюу Литва, Португал, Кипр болон Хорватад хортон шавьж устгахад ашигладаг “фипронил” хэмээх хорт бодистой өндөг тараагүй байна. Ийм хорт бодистой хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэвэл хүний эрүүл мэндэд аюултай” гэв.

Европт ийм бодис илэрсэн хэдэн сая ширхэг өндгийг устгаад байгаа аж. Одоогоор “фипронил”-той өндөг идсэний улмаас хүн хордсон, өвдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ дуулиан нь Нидерландад анх дэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор тус улсын холбогдох албаны хүмүүс одоогоор хоёр хүнийг саатуулаад байна.
Г.Доржханд



 
 
Related news