Мьянмарын рохинжа босогчид нэг сарын хугацаанд гал зогсоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-11 09:06:18
НЕЙПЬИДО. /Reuters/. Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжа босогчид аюулаас хамгаалах хүчнийхэнтэй нэг сарын хугацаатай гал зогсоож буйгаа өнгөрсөн амралтын өдөр зарлажээ.

НҮБ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, талуудын хооронд өнгөрсөн сарын сүүлчээс дэгдэж эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас энгийн номхон 290 мянган рохинжа хүн орон гэрээсээ дайжиж, хөрш Бангладеш руу дүрвээд байгаа аж.

Нөхцөл байдал улам дордож байгаа нь НҮБ болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд саад учруулж байна.

Засгийн газрын эсрэг хүчнүүдийн гол цөм болсон  “Араканы рохинжачуудын аврагч арми” нэртэй босогчдын бүлэглэл ням гарагт гал зогсоож, хариу өгөхийг Мьянмарын Засгийн газарт уриалсан байна.

Гал зогсоох саналыг хүлээж авах эсэхээ Мьянмарын Засгийн газар одоогоор хараахан мэдэгдээгүй байна.

Энгийн номхон рохинжачууд руу халдаж, орон гэр, тосгоныг нь шатааж байна гэж засгийн газрын хүчнийхнийг буруушааж байгаа хэдий ч Мьянмарын Засгийн газар үүнийг эрс няцааж байгаа юм.
Г.Доржханд
Related news