Нэг тонн нүүрсний үнэ 7 мянган төгрөгөөр өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 18:02:35

Энэ жил Мандалговь хотод нүүрсний үнэ өссөн байна. Дундговь аймгийн төвөөс 28 км- т оршдог Тэвшийн говийн нүүрсний уурхайгаас Мандалговь хотынхон нүүрсний гол хэрэгцээгээ хангадаг бөгөөд өнгөрсөн жил нэг тонн нүүрс уурхайдаа 18 мянган төгрөг байсан бол одоо 25 мянган төгрөг болжээ.

Харин аймгийн төвд тээвэрлэж авчирсан нүүрс үүнээс хоёр дахин илүү үнэтэй байна. Уурхайгаас нүүрс зөөж худалдаж байгаа арав гаруй иргэн бий бөгөөд тэд Зил-130 машины тэвштэй нүүрсийг 235 мянга, 2 тоннын даацтай портер машин нүүрсийг 100 мянга, 2 тонн илүүтэйг 120 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Өмнөговь аймгийн Цогтцэцийгээс тээвэрлэж ирсэн портерийн тэвш нүүрс 140 мянган төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс өсөөгүй үнэ гэдгийг нүүрс худалдаж байгаа иргэд хэллээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news