Засаг дарга залуучуудын санаачлагыг дэмжихээ илэрхийлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 15- ныг Залуучуудын өдөр болгоод байгаа юм. Энэ сард тохиох Залуучуудын анхны өдрөөр 100 залуу оролцсон уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах саналыг залуучууд аймгийн Засаг даргад уламжилсан байна.
Өчигдөр аймгийн Засаг дарга “Хариуцлагатай залуу манлайлагч” клубын гишүүдийг хүлээн авч уулзах үеэр залуучууд хэд хэдэн санал хэлсэн бөгөөд тухайлбал төр, хувийн хэвшлийн байгууллагууд залуучуудын зөвлөлтэй болох, төрийн албан хаагч залуучуудыг хөдөө орон нутагт солилцон ажиллуулах талаар ярилцжээ.
Тус клуб үйл ажиллагаагаа зөвхөн аймгийн төвд бус хөдөө орон нутагт тэлэх, сумдад ажиллаж, амьдарч байгаа, мөн хөдөлмөр эрхлээгүй болон малчин залуучуудыг хамруулж, нийгэм дэхь оролцоог нь идэвхижүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлж, дэмжин ажиллахыг хүсчээ.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ, залуусыг “ирлэж” байж оролцоог нь нэмэгдүүлж чадна. Нийт залуучуудыг хамарсан өргөн далайцтай, бүтээлч олон үйл ажиллагаа залуучуудын санаачлагаар өрнөнө гэж найдаж байна. Тэр бүхнийг дэмжиж ажиллана гэжээ.
Дундговь Т. Отгонтуяа