“Архангай түншлэл 2017” үзэсгэлэн худалдаагаар 69.3 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-18 13:26:11
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлдэг энэхүү “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаа нь энэ жил 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэн худалдаанд Эрдэнэбулган, Өндөр-улаан, Жаргалант, Хашаат, Тариат, Цэнхэр, Хайрхан, Ихтамир, Батцэнгэл, Өгийнуур, Булган, Цахир, Төвшрүүлэх, Хангай зэрэг 14 сум, Улаанбаатар, Сэлэнгэ аймгуудын нийт 122 аж ахуй нэгж, иргэд оролцсон байна.

 
Аж ахуй нэгж, иргэд үзэсгэлэн худалдааны үеэр төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл, бэлэн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан бараа, эсгий ноосон бүтээгдэхүүн зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж 69.3 сая төгрөгийн борлуултыг хийжээ.

Түншлэлийн гол зорилго нь мал аж ахуй, газар тариалангийн салбар, хүнсний үйлдвэрлэл, хоршоолол, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд сурталчилан таниулах, борлуулах, түншлэл тогтоох, мэдээлэл, арга барил, туршлагаа харилцан солилцох боломж нөхцлийг бүрдүүлэх юм.



Үзэсгэлэн худалдаанд оролцсон бүтээгдэхүүнүүдийг жилийн жилд шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил 17 номинациар шалгаруулжээ. Дурдвал, “Шилдгийн шилдэг бүтээгдэхүүний Гранпри”-г Эрдэнэбулган сумын модон эдлэлийн “Баялаг Заваг” ХХК авсан бол “Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн”-ээр Өндөр-Улаан сумын иргэн Ц.Болор-Эрдэнийн цагаан идээ, “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн” номинацид Батцэнгэл сумын иргэн Л.Соёлмаагийн загварын дээл, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн номинацид Эрдэнэбулган сумын иргэн А.Хишигжаргалын эсгий эдлэл, “Сүү, сүүн бүтээгдэхүүн” номинацид Тариат сумын иргэн Ц.Өнөржаргалын цагаан идээ, “Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ” номинацид Хашаат сумын иргэн Д.Сарантуяагийн төмс, хүнсний ногоо, “Гурил, гурилан бүтээгдэхүүн” номинацид Тариат сумын иргэн Я.Мөнхтуяагийн талх, нарийн боов, “Шинэлэг сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн”-ээр Тариат сумын “Дуут цагаан далай” нөхөрлөлийн сав баглаа тус тус шалгарсан байна.

Харин “Хамгийн идэвхитэй, зохион байгуулалттай оролцсон сум”-аар Өндөр-Улаан, Цахир, Эрдэнэбулган сумд эхний гурван байрт оржээ.

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдааны үеэр шилмэл малын үзэсгэлэн худалдаа болж, шилдгүүдийг шалгаруулдаг. Энэ жил “Шилмэл мал үзэсгэлэн худалдаа”-нд 7 сум, 1 байгууллагын 15 малчны 79 толгой мал оролцож, үүнээс бог малын төрөлд 75 толгой мал, бод малын төрөлд 4 толгой мал шалгаруулалтад оролцсон байна.



Шилмэл хээлтүүлэгч хуцаар нэгдүгээр байранд Жаргалант сумын малчин Т.Даваанямын хар нүдэн хуц орсон бол хээлтүүлэгч ухнаар Тариат сумын малчин Ш.Баатарын улаан ухна, шилмэл хээлтэгч эм хонины төрөлд 1-р байранд Булган сумын малчин Б.Бямбасүрэнгийн хар толгойт эм хонь, шилмэл хээлтэгч эм ямаагаар Булган сумын малчин Б.Бямбасүрэнгийн улаан эм ямаа тус тус шалгарчээ. Харин махны чиглэлийн үхрийн төрөлд Эрдэнэбулган сумын ЦСҮТ-ийн Сэлэнгэ үүлдрийн улаан халзан үхэр шалгарчээ.

Ийнхүү Архангайчуудын хүсэн хүлээдэг уламжлал болсон “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаа хоёр өдрийн турш болж бие биеэсээ туршлага солилцсон, мэдээлэл авсан, шилдгүүдээ шалгаруулсан амжилттайгаар өндөрлөлөө.
Б.Гэрэлт-Од 
Related news