“Зорчигч тээврийн нэгтгэл" ажилтнуудаа хууль бусаар халаагүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-20 13:39:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын тээвэр холбоо, газрын тосны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлагууд ажилчдаа хууль бусаар халж, байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг талаар өчигдөр буюу энэ сарын 19-нд мэдээлэл хийсэн.

Уг мэдээлэлд өнөөдөр "Зорчигч Тээврийн Нэгтгэл"-ийн удирдлагууд уг мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд хуулийн байгууллагад гомдол гаргахаа мэдэгдлээ. Энэ талаар  Зорчигч тээврийн нэгтгэлийн орлогч захирал Б.Даваасүрэн “Манай нэгтгэл НЗД-ын баталсан захирамжийн дагуу орон тоогоо бүрдүүлэн ажиллаж байна. Нэгтэл болохоос өмнө буюу гурван автобус бааз байхад нийт 1705 ажилтан байсан. Харин одоо 1590 ажилтантай орон тоогоо бууруулан ажиллаж байна. Бид ажилтнуудаа хууль бусаар халаагүй. Сахилгын зөрчил удаа дараа гаргасан албан хаагчдад дотоод журам, хөдөлмөрийн хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ авдаг” гэлээ.

Мөн тус нэгтгэлийн хуулийн зөвлөх Ц.Баясгалан "II, III баазын үйлдвэрчний эвлэлийн дарга нарыг хууль бусаар ажлаас халсан гэсэн байна. II баазын үйлдвэрчний эвлэлийн дарга дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бол  III баазын дарга энэ оны зургаадугаар сарын 3-наас долоодугаар сарын 26-ныг хүртэл нийт 54 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан учраас халсан. Энэ мэтээр нийгэмд худал мэдээлэл түгээж, байгууллага болон хувь хүмүүсийн нэр хүндэд халдсан тул хуулийн байгууллагад хандах болно” хэмээв.

Ч.Ариунболд
Related news