Чандмань сумын сургуулийн барилгыг ашиглах боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-31 22:17:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/.Говь-Алтай аймгийн Чандмань сумын сургуулийн барилгыг ашиглах боломжгүй гэж үзэн, сурагчдыг нь амраах шийдвэрийг аймгийн удирдлагууд гаргалаа. Мөн сурагчдыг амарч байх хугацаанд нөхцөл байдлыг холбогдох дээд газруудад танилцуулж хичээл, сургалтын ажлыг таслахгүй явуулах боломжийг бүрдүүлэх, шаардлагатай арга хэмжээг авахаар болжээ.

Өнгөрсөн 10 сарын 29-ний 18 цаг 05 минутанд  Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвөөс баруун зүгт 12 километрийн зайд 4.6 магнитутын хүчтэй газар хөдөлсөн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан холбогдох мэргэжлийн байгууллагуудын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Чандмань суманд ажиллаад иржээ. Мөн аймгийн Засаг дарга С.Гансэлэм, ОБГ-ын дарга Ш.Ган-Эрдэнэ нар ч тус суманд очиж нөхцөл байдалтай танилцсан байна.
Ажлын хэсгийнхэн Чандмань сумын 50 орчим барилгад үзлэг хийхэд сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэг, соёлын төв, зарим иргэдийн орон сууцны барилгын хананд цууралт өгсөн нь тогтоогджээ.

Дунд сургуулийн хичээлийн барилга 1970 онд аж ахуйн аргаар, түүхий тоосгоор баригдсан бөгөөд МХГ-ын байцаагчид ашиглах боломжгүй гэсэн шийдвэрийг урьд өмнө хоёр удаа гаргаж байжээ. 

                                                                                                                Ш.Цоодол


Related news