Нью-Йоркийн террорист халдлагад өртөн амь үрэгдсэн хүмүүсийн 5 нь найзууд байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-11-01 17:24:27
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. Мягмар гарагт Америкийн Нью-Йорк хотод болсон террорист халдлагад өртөн амиа алдсан найман хүний тав нь Аргентины иргэд бөгөөд найзууд байжээ гэж “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээлэв.

Орон нутгийн цагаар мягмар гарагийн үдээс хойш Нью-Йорк хотын Доод Манхэттен дүүрэгт ачааны машинтай нэгэн этгээд унадаг дугуйн зам руу давхин орж найман хүнийг дайрч хөнөөн, 11 хүнийг гэмтээж бэртээсэн юм. Энэ нь “алдарт” есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш тус хотод хамгийн олон хүний аминд хүрсэн террорист халдлага болж байна.

Уг халдлагыг 2010 онд АНУ-д цагаачлан очсон 29 настай Сайфулло Сайпов гэгч этгээд үйлдсэн бөгөөд түүнийг цагдаа нар баривчлан саатуулаад байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ халдлагатай холбогдуулан цагаачдад тавих хяналтыг чангатгахыг Дотоодын аюулгүй байдлын яамандаа үүрэг болгожээ.

Сэжигтэн нь машинаасаа буусныхаа дараа арабаар “Бурхан бол аугаа” гэж хашгирч байсан гэж нүдээр харсан гэрчүүд ярьсан байна. Мөн сэжигтний халдлага үйлдэхдээ ашигласан ачааны машин дотроос уг халдлагыг “Лалын улс” террорист бүлэглэлийн нэрийн өмнөөс үйлдэж байгаа тухай зурвас олдсон гэж Америкийн эх сурвалжууд мэдээлж байна.

Г.Доржханд
Related news