“Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-07 16:51:30
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дэвшүүлсэн “Иргэнд ойр эрх зүйн үйлчилгээний жил-2017”, Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.
Уг өдөрлөгийг Биеийн тамир, спортын газрын Б зааланд зохион байгуулж төрийн албан хаагчдын дунд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр АХА тэмцээн явуулж, төрийн архивын үйл ажиллагааны талаар иргэдээс асуулга авч, 85 иргэний санал хүсэлтийг сонсож, 25 иргэний ажилласан жилтэй холбоотой архивын лавлагааны захиалга авч, архивын сан хөмрөгт хадгалагдаж буй чухал баримтын хуулбар, гэрэл зураг, дүрс бичлэгийн баримт, хувийн гаралтай баримтаар үзэсгэлэн гаргаж сурталчилсан байна. Өдөрлөгт 150 гаруй  иргэн оролцож, үзэж сонирхсон байна.
Төрийн албан хаагчдын дунд явуулсан АХА тэмцээнд 35 албан хаагч оролцож Орон нутгийг судлах музейн ажилтан О.Нэргүй, Шүүхийн шинжилгээний албаны нягтлан бодогч Б.Цэндсүрэн нар шалгарсан байна.
Тус аймгийн архивт 36266 цаасан суурьтай материал, гэрэл зураг, дүрс бичлэг, сум байгууллагуудын ойн номууд, шинээр ашиглалтанд орсон болон засвар хийсэн барилга обектын зураг төсөв, техникийн баримтууд, цахим архивын материал зэрэг олон зүйл хадгалагдаж байгаа ажээ.
                                                                                                                        Ш.Цоодол
Related news