Цөмийн цохилт өгөхөд саад хийх боломжгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-15 15:32:46
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн цохилт өгөхийг хүсвэл Батлан хамгаалах яамны сайд Жеймс Мэттис түүнийг зогсоож чадахгүй гэж Америкийн БХЯ-ны сайд асан Уильям Перри “Политико” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн талаар ТАСС агентлаг уламжлав.

“БХЯ-ны сайдад цөмийн цохилт өгөх шийдвэр гаргах эрх байхгүй. Ийм шийдвэрийг ерөнхийлөгч л гаргадаг. АНУ-ын төрийн тэргүүн зохих тушаалыг өгөхөөс өмнө өөрөө хүсвэл БХЯ-ны сайдтай зөвлөлдөж болно. АНУ-ын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний стратегийн хүчний удирдлагад цөмийн цохилт өгөх тухай тушаалыг шууд өгөх  ба энэ тухай БХЯ-ны сайдад мэдэгдэх албагүй. Цаг хугацаа байгаа тохиолдолд ерөнхийлөгч энэ талаар БХЯ-ны сайдтай зөвлөлдөж болох хэдий ч сайд бол зөвхөн зөвлөх л боломжтой юм” гэж Уильям Перри тэмдэглэжээ.
Э. Аянзаяа


 
Related news