Литр тутамдаа 6 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН“Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК ус түгээлтээсээ 425 сая төгрөгийн алдагдал хүлээжээ. Учир нь тус компани гэр хорооллын иргэдэд нэг литр усыг 2 төгрөг 2 мөнгөөр түгээдэг бөгөөд энэ нь дээрх алдагдлыг хүлээхэд хүргэжээ.
Уг нь ажилчдын цалин, цахилгаан зарцуулалт зэргийг тооцвол нэг литр усыг 8 төгрөгөөр түгээж байж ашигтай ажиллах ёстой гэнэ. Гэтэл 2005 онд АИТХ-ын шийдвэрээр гэр хорооллын иргэдэд түгээх усны үнийг 2 төгрөг 2 мөнгөөр тогтоосноос болж жил бүр 300 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээдэг болжээ. Жишээ нь өнгөрсөн онд 360 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Гэхдээ эл мөнгийг Орон нутгийн төсвөөс гаргах нь зүйтэй гэсэн Засгийн газрын шийдвэр байдаг ч эдийн засгийн асуудлаас болж өр нь хуримтлагджээ. Ийнхүү “Эрдэнэт Ус” компани литр тутамдаа 6 төгрөгийн алдагдалтай байгаа тул хоёр худгийн дунд нэг ус түгээгч машин ажиллуулж байна. Ийм зарчмаар 20 худагт ус түгээхээр болжээ.
Б.Оюун-Эрдэнэ