Ил задгай худалдаа эрхлэгчдийн тоо нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:18:55

Орхон аймгийн МХГ-ын байцаагчид ил задгай худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Учир нь ийм төрлийн худалдаа сүүлийн үед нэмэгдэж байгаа гэнэ.

Ялангуяа “Бичил” худалдааны төвийн барилга дуусаагүй тул лангуу түрээслэгчид бараагаа гадаа ил зарах болжээ. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн зардаг иргэд нэмэгдсэн байна. Иймд МХГ-ын мэргэжилтэн Д.Лхагважав орон нутгийн сэтгүүлчидтэй хамтран ил задгай худалдаа эрхлэгчидтэй уулзахын сацуу бараа, бүтээгдэхүүнд нь шалгалт хийжээ.

Шалгалтын явцад Монгол улсад худалдахыг хориглосон чавга, самар зэрэг цөөнгүй бүтээгдэхүүн байсныг илрүүлжээ. Мөн зөвшөөрөлгүй газарт эрүүл мэндийн бичиггүй хүнсний бүтээгдэхүүн зарж буй наймаачдад хууль эрх зүйн зөвлөмж хүргүүлсэн юм.

Харин наймаачид хэлэхдээ, Баян-Өндөр сумын Тамгын газраас зөвшөөрсөн газарт нь улиралд 15 мянган төгрөгийн түрээс төлж худалдаа эрхлэх боломжгүй гэлээ. Үүний оронд хүнсний захын гадаа буюу хөл ихтэй газарт өдөрт 2500-3500 төгрөг төлөөд сүүгээ зарсан нь дээр гэжээ. Жилээс жилд  ил задгай худалдаа эрхлэгчдийн тоо нэмэгдэж байгаа тул аймгийн МХГ орон нутгийн удирдлага, наймаачидтай хамтран хэлэлцүүлэг хийж гарц, шийдлийг олох нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Уг хэлэлцүүлэг энэ долоо хоногт болно.

Б.Оюун-Эрдэнэ

Related news