Гарал үүслийн бичиггүй үхрийн махыг хураан улсын орлого болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 14:39:37

Хэнтий аймгийн цагдаагийн газрын албан хаагчид “Хяналт шийдвэрлэлт-2015” нэгдсэн арга хэмжээний үеэр 90 зөрчил илрүүлж нийт 6702 зорчигч иргэнийг  6.279.200 төгрөгөөр торгож хариуцлага тооцжээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар мал хулгайлах, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилготой “Хяналт шийдвэрлэлт-2015” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Энэхүү  арга хэмжээг 45 хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг гол замууд болон мал хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Батноров, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Баянхутаг, Дархан зэрэг сумдын нутаг дэвсгэрт шалган нэвтрүүлэх суурин пост, хөдөлгөөнт ажлын хэсгийг ажиллуулжээ.

Үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид эхний 10 хоногт 1450 тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, яндангийн оч баригч, ачаа тээш, тээвэрлэж явсан 4175 мал, махыг гарал үүслийн бичигтэй нь тулган шалгаж, 90 зөрчил илрүүлснээс хууль бусаар тээвэрлэсэн 3 м3 мод, 3 ширхэг зээрийн мах, гарал үүслийн бичиггүй 1 үхрийн махыг хураан улсын орлого болгосон аж.

 Мөн иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажилласан бөгөөд хууль бусаар ан амьтан агнасан хоёр гэмт хэргийг илрүүлэн мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа аж.

О.Буянхишиг

Related news