5G дэмждэг гар утас худалдаанд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-03 12:42:43
БЭЭЖИН. /Шиньхуа/. Та 6 гига байт файлыг гар утсандаа хоёр секундийн дотор татаж авна гээд бодоод үз дээ. Энэ бол 5G технологийн гайхамшиг юм. Хятад улс үүрэн телефоны сүлжээний дараагийн төвшний технологийг нэвтрүүлэхэд тун ойрхон ирээд байна.
 

Саяхан БНХАУ-ын Вузен хотноо зохион байгуулсан дөрөв дэх удаагийн “Дэлхийн интернет чуулган”-д Хуавэй компанийн гүйцэтгэх захирал Шү Зижүн “Хуавэй компани 2019 онд 5G технологийг дэмждэг гар утсыг худалдаанд гаргана” хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн аравдугаар сард Хуавэй компани 5G технологийн туршилтын явцад 27Gbps хүртэл хурдтайгаар мэдээлэл дамжуулсан байна.

Хятадын технологийн компаниудаас гадна харилцаа холбооны оператор компаниуд 5G технологийн стандартчиллыг боловсронгуй болгохоор идэвхтэй ажиллаж байна. Хятадын Харилцаа Холбооны Судалгааны Хүрээлэнгийн ахлах шинжээч Би Цы хэлэхдээ “Хятадын үүрэн телефоны оператор компаниуд 5G технологид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд томоохон хотуудад хэд хэдэн туршилтыг амжилттай хийгээд байна” хэмээн мэдээлжээ.

Хэрэглэгчийн тоогоор дэлхийн хамгийн том үүрэн телефоны компани болох China Mobile компани 2020 онд 5G технологийг бүрэн нэвтрүүлэх зорилго тавьсан байна. Үүний тулд тус компани 2020 он гэхэд 10 мянган дэд станцуудыг орон даяар байршуулахаар төлөвлөжээ.

Хятадын Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Газрын мэдэгдэж байгаагаар 2025 онд Хятад улс 5G технологийн хамгийн том зах зээл болох бөгөөд 2030 оны байдлаар улсын төсөвт 946.8 тэрбум ам долларыг оруулна хэмээн таамаглаж байгаа аж.

Хятадын аж үйлдвэр, Мэдээлэл технологийн яамны дарга Вэн Күгийн мэдэгдсэнээр Хятад улс 5G технологийн хөгжүүлэлтийн гуравдугаар үе буюу сүүлийн шатанд хүрсэн бөгөөд зах зээлд нэвтрүүлэх бэлтгэл ажлууд хийж байгаа аж.

Куалкомм олон улсын байгууллагын судалгаанд тэмдэглэснээр 5G үүрэн сүлжээний технологи 2035 оны байдлаар 3.5 их наяд ам долларын орлого оруулахаас гадна 22 сая ажлын байрыг шинээр бий болгоно гэж таамаглаж байна.

Related news