НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Умард Солонгост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-05 09:01:27
НЬЮ-ЙОРК. /Киодо/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын /ЕНБД/ улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Феллман өнөөдрөөс эхлэн Умард Солонгост дөрвөн өдрийн айлчлал хийх гэж байна гэж “Киодо” агентлаг мэдээллээ.

НҮБ-ын ЕНБД-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик даваа гарагт буюу өчигдөр мэдэгдэл хийхдээ “Ж.Фелтман Пхеньянд БНАСАУ-ын нөлөө бүхий албаны хүмүүс, тэдний дотор Гадаад харилцааны сайд Ри Ён Хотой уулзана” гэжээ. Талууд өргөн цар хүрээг хамарсан асуудлуудыг авч хэлэлцэнэ гэж тэрбээр хэлээд, яг тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Пхеньян өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт баллистик пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралдах үеэр Ж.Фелтман Умард Солонгосоос НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Жа Сон Намтай уулзсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Ж.Фелтман нь Умард Солонгосын албаны хүмүүстэй НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн тухай хэлэлцэж, цөмийн болон пуужингийн туршилт хийхээ зогсоохыг Пхеньянд уриалж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
Related news