Пак Гын Хэ шоронд байцаалт өгөхөөс татгалзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-26 17:38:10

СӨҮЛ. /Ёнхап/. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ тагнуулын байгууллагаас их хэмжээний мөнгө авсан хэргийн талаар байцаалт өгөхөөс татгалзсан тухай "Ёнхап" агентлаг мэдээлэв.

Сөүл хотын Тойргийн прокурорын газрын ахлах прокурор Ян Сүк Жо  өнөөдөр гурван мөрдөн байцаагчийн хамт байцаалт авахаарПак Гын Хэгийн саатуулагдаж буй хорих төвд очсон байна. Авлигын хэргээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш хоригдож буй Пак  уулзалтын өрөөнд прокурор, мөрдөн байцаагч нартай уулзахыг зөвшөөрсөн ч нэг ч асуултад хариулаагүй аж.

“Бид Пак хатагтайгаас хамтран ажиллахыг нэг бус удаа гуйж, хүссэн. Гэвч тэрбээрээ байр сууриа огт өөрчлөхгүй байна. Түүнийг ам нээнэ гэж найдаад ч хэрэггүй бололтой. Хуулийн дагуу түүнийг хүчлэх эрх бидэнд байхгүй” гэж мөрдөн байцаагчдын нэг нь ярьжээ. Нэгэнт байцаалт өгөхөөс татгалзаж буй учир байцаалтгүйгээр түүнд ял тулгах бололтой.

Пак Гын Хэг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2013-2016 онд Үндэсний тагнуулын албанаас нийт дөрвөн тэрбум вон /3.7 сая ам.доллар/ хууль бусаар авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм. Энэ хэрэгт холбогдуулан түүний засаг захиргаанд ажиллаж байсан Ан Бон Гюн, И Жэ Ман нарыг саатуулаад байгаа аж. Тэд хэргийн талаар мэдэхгүй, гагцхүү Пак Гын Хэгийн даалгавраар Үндэсний тагнуулын албанаас өгсөн дугтуйг өөрт нь хүргэж өгсөн гэж мэдүүлсэн байна. Түүнчлэн бид "Дугтуйн дотор юу байсныг ч мэдээгүй" гэжээ.

Хэргийг мөрдөн шалгах явцад Пак Гын Хэ Тагнуулын албанаас авсан мөнгөний тодорхой хувийг хувийн хэрэгцээндээ зарцуулсныг нотлох баримтуудыг олсон байна. Нийтдээ дөрвөн тэрбум воныг “хар төсөв” гэгддэг Үндэсний тагнуулын газрын тусгай үйл ажиллагааны төсвөөс гаргасан аж. Үүнийг тагнуулын албаныхан ямар нэг данс тооцоо хөтлөлгүйгээр тусгай ажиллагаанд шууд зарцуулах эрхтэй байдаг гэнэ.

 

 

Related news