Боловсролын салбарын хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-12-26 22:52:21


Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт өнгөрөгч оноос “Багшийн хөгжил”, “Оюунлаг Алтайчууд”, “Сургалтын чанарыг ахиулах” хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжүүлснээр сургалтын чанарт ахиц гаргаж, багш нар, хүүхдийг хөгжүүлэн улмаар хөгжсөн Алтай нутаг болох зорилготой ажиллаж байна.
“Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд багш нарыг судлаач-багш, сургагч-багш, багшийн-багш, манлайлагч-багш, эрдэмтэн-багш нарыг төрүүлэхэд түлхүү анхааран ажиллаж байна. “Оюунлаг-Алтайчууд” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд сэтгэх чадварын 56, шатрын 42 сургагч багшийг бэлтгэн, “Оюуны их наадам”-ыг зохион байгууллаа. Тус аймаг бүрэн дунд боловсролын төгсөгчдийн амжилтыг ахиулах зорилгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгтэйгээр “Алтайн-ЭЕШ 2017”, намрын их сорилгыг зохион байгуулж ажилласны үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад 7 дугаар байрт шалгарч амжилтаа ахиулжээ. 

Багш нарын бага хурал, эрдэм шинжилгээний илтгэл, багшийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан төрөлжсөн болон ахисан шатны сургалт, баруун бүсийн боловсрол, соёл урлагийн газруудын туршлага солилцох зөвлөгөөн, залуу багш нарын чуулга уулзалтуудыг энэ онд амжилттай зохион байгуулсан байна.

Улс, бүс, олон улсын хэмжээнд амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулдаг журамтай болсон бөгөөд “Багш-Эрдэнэ” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, урамшуулан ажиллаж байна. 

Багш нарыг улс, бүсийн хэмжээнд туршлага судлуулах зорилтын хүрээнд ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын 50 багш, багш нарын спортын XV дахь наадамд 26 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцуулжээ. Мөн баруун бүсийн жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 2440 тамирчинг оролцуулан, нийтийн биеийн тамирыг дэмжин ажилласан байна.

                                                                                                                                         Ш.Цоодол

Related news