Нью-Йоркийн нэгэн орон сууцанд гал гарсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-29 13:57:22
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт орших нэгэн орон сууцанд пүрэв гарагийн орой буюу өчигдөр орой гал гарсны улмаас 12 хүн, тэдний дотор нэг нялх хүүхэд амиа алдсан тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.
 
Нью-Йорк хотын дарга Билл де Блазио хэргийн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Тэрбээр ярихдаа “Түлэгдэж бэртсэн дөрвөн хүний биеийн байдал хүнд байна. Манай хотод сүүлийн 25 жилийн хугацаанд ийм олон хүний аминд хүрсэн гал түймэр гарч байгаагүй” гэжээ.
 
Орон нутгийн цагаар пүрэв гарагийн оройн 6:51 цагт галын дуудлага бидэнд ирсэн гэж тус хотын Гал түймэртэй тэмцэх газрын гал сөнөөгчид ярьжээ.

Гал нэгдүгээр давхраас эхлэн гарсан бөгөөд шатаар дамжин дээд давхрууд руу хурдацтай хүрээгээ тэлсэн байна. Галын шалтгаан хараахан тодорхойгүй байна.

Бараг 100 жилийн өмнө баригдсан тус орон сууцанд 20 гаруй айл амьдардаг байжээ.

Г.Доржханд
Related news