Монгол Улсын Дээд боловсролын тогтолцоог чиглэл тус бүрд сайжруулан, шинэчлэх асуудлыг хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
dusem11@yahoo.com
2018-01-25 11:49:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-27-нд “Тогтвортой хөгжил - Дээд боловсрол” улсын II зөвлөгөөнийг Нийслэл хотноо зохион байгуулахаар зэхэж байна. 

Тус зөвлөгөөн нь дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж, сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг эрчимжүүлж олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодруулах зорилготой юм. Зөвлөгөөнд 95 төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулийн төлөөлөл нийт 870 гаруй багш, судлаач, эрдэмтэн оролцоно.

Энэхүү  зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар МУИС ажиллаж байгаа бөгөөд тус сургуулийн Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Болормаатай уулзаж энэ зөвлөгөөний ач холбогдлын талаар ярилцсан юм.

-Энэ улсын зөвлөгөөний цар хүрээ, зохион байгуулалтын талаар сонирхуулна уу?

-“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын II зөвлөгөөн энэ сарын 26-27-нд болно. Уг зөвлөгөөнийг угтаж олон ажил хийж байна. Энэ сарын 25-нд буюу өнөөдөр үзэсгэлэн, лабораториудын нээлт болох бөгөөд МУИС-иудын түвшинд ямар ач холбогдолтой, хүчин чадалтай сургалт, судалгааны лаборатори бий болж буйг танилцуулна. Тухайлбал, МУБИС-ийн байранд Зайн сургалтын лабораторийн төв болон технологи инженерчлэлийн лабораторийн нээлт болно. МУИС-ийн шинэ Номын сангийн байранд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн үзэсгэлэн гарна. Мөн МУИС-ийн Номын сангийн 6 дугаар давхарт Лазерийн судалгааны лабораторийн нээлт боллоо."Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын II зөвлөгөөн ирэх баасан, бямба гарагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болно. Зөвлөгөөний нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно. Үндсэн хуралдаан МУИС-ийн Номын сангийн лекцийн 5 танхимд болох юм. Тус таван салбар хуралдааныг танилцуулахад нэгд нь дээд боловсролын засаглал, эрх зүй, санхүүжилтын талаар 6 илтгэл тавих юм. Хоёр дахь салбар хуралдаанаар дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын чанар сэдвээр 7 илтгэл, гуравт Багшийн хөгжлийн асуудлаар 6 илтгэл, дөрөвт нь оюутны хөгжлийн асуудлаар 4 илтгэл, тавд нь дээд боловсролын судалгаа, инновацийн асуудлаар 8 илтгэл тавина. Мөн энэ сарын 26-ны нэгдсэн хуралдаанд 3 том илтгэл тавина. Тухайлбал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар илтгэл тавих юм. Хувийн их дээд сургуулиудын консорциумын Удирдах зөвлөлийн дарга Ганбат хувийн их дээд сургуулиудын асуудлаар илтгэл тавих юм.
Одоогоос 11 жилийн өмнө анхны зөвлөгөөн болж байсан.
 
-Энэ удаагийн зөвлөгөөнөөс тодорхой зөвлөмж гарах уу?
-Үндсэн илтгэл дууссаны дараа салбар хуралдаанууд хоёр өдөр үргэлжилнэ. Салбар хуралдаан болгоноос асуудал бүрээр 5 сэдвийн хүрээнд зөвлөмж гарна. Үүнийг хоёр дахь өдрийн үдээс хойш Нэгдсэн зөвлөмж болгож гаргах юм. Энэ нэгдсэн зөвлөмж нь МУИС-ийн хурлын түвшинд дээд боловсролын талаар юу хийх  болон дээд боловсролын асуудал эрхэлсэн засаглалын гүйцэтгэх шатны байгууллага юу хийхээ тодорхойлох, Төрийн болон хувийн их дээд сургууль, их дээд сургууль төгсөгчид юу хийх ёстой, Иргэний нийгмийн байгууллага юу хийх талаар бусад оролцогч талуудад хандсан уриалга зөвлөмж гарна.

- Зөвлөгөөнд орон нутаг дахь их, дээд сургуулийн төлөөлөл хэр оролцох бол?
 
-Тус зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшлийн 600 багш, судлаач, 200 урилгын гээд нийт 800 төлөөлөгч оролцоно. Мөн зохион байгуулагч баг гээд Монголын хувийн болон Улсын их дээд сургуулийн том багийг БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан ахлаад ажиллаж байгаа. МУИС нь нэгдсэн зохион байгуулагчаар ажиллаж байна.

-Зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийн зорилт, агуулгын үндсэн санаа юу байх бол?

-Энэхүү зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж нь Монгол Улсын дээд боловсролын талаар цаашид баримтлах бодлого, тогтолцоог сайжруулан шинэчлэх, үндсэн чиг баримжааг бий болгоход л бидний зорилт орших юм. Мөн хууль эрх зүйн баримтууд ч нэлээд хуучирлаа. Үүнийг цаг үеийн шаардлагаар сайжруулан шинэчлэх, өнөөгийн техник, технологитой уялдуулан бодлогынхоо асуудлыг, асуудал бүрээр авч үзэж, чиглэл нэг бүрд сайжруулан шинэчлэх шаардлагатай байна. Ялангуяа Дээд боловсролын тухай хууль, дээд боловсролын санхүүжилтын асуудлыг зохицуулдаг хууль эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт оруулах ийм зүйл дээр бодлогын зөвлөмж гарах байх гэж бид найдаж байгаа.
 
-Их дээд сургуулиудыг цогцоор байгуулж нь хотхон болгох асуудлыг хөндөх болов уу?

-Яг тийм сургалтын орчин бүрдүүлэх, нарийн зүйл байхгүй ч гэсэн, их дээд сургуулиудын санхүүжилтыг яаж шийдэх юм, сургалтын орчноо бий болгох бүрдүүлэх асуудлыг, санхүүжилтыг хэн хариуцах юм, төр нь хариуцах уу, тухайн сургууль өөрөө хариуцах уу? Хаанаас санхүүжилт босгох ёстой юм гэдгийг хөндөнө. Мөн их дээд сургуулийн статус, эрх зүйн асуудлыг хөндөнө. Яг ямар институцийг их сургууль гэх юм, дотор нь ямар сургуулийг судалгааны их сургууль гэх юм зэрэг асуудал байгаа. Энэ зуунд судалгааны их сургууль, мэдлэгт суурилсан эдийн засаг гэж онцлон яригдаж байгаа. Энэ рүү хандахын тулд Монголд яг хэчнээн их дээд сургууль байдаг, үүнээс хэд нь судалгааны их сургууль болох юм. Монгол Улсын Дээд боловсролын 2020 он хүртлэх авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнд, манай улс 4 их дээд сургуулиа Азийн топ Их сургуулийн эгнээнд оруулна гээд зорилт тавиад амалчихсан байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрийн зөвлөгөөнөөс яаж бид амлалтаа биелүүлж хэрэгжүүлэх, Их сургууль гэдэг статусыг зөв, эрх зүй, санхүүжилтын талаас, багшийн хөгжил, сургалтын процессын талаас нь яаж бодлогоор дэмжин ажиллах талаар дуу хоолойгоо нэгтгэж төр засагтаа хүргэх зорилготой.

Д.Өлзий
Related news